Уйгагүй хичээж хөдөлмөрлөж, ажлыг гололгүй хийвэл хэнээс ч дутахгүй амьдрах боломжтойг үлгэрлэж яваа түүнийг Х.Алтанхуяг гэдэг. Тэрбээр хувиараа хүргэлт хийдэг. Холын хүргэлтийг автобусаар, ойрынхыг нь алхаад хүргэдгээ хэллээ. Хол, ойроос шалтгаалан нэг хүргэлтийг 5000-10.000 төгрөгөөр хүргэдэг юм байна. Х.Алтанхуягаар үйлчлүүлсэн, хүргэлт хийлгэсэн хүмүүс шуурхай, найдвартай, итгэлтэйг нь онцолж байлаа.
Тэрбээр “Хүмүүс зар тавиад байхаар нь туршиж үзье гээд хүргэлт хийхээр анх шийдсэн. Анхандаа дуучин Б.Дуулимын ээж Эрдэнэтогтох эгчийн хүргэлтийг хийдэг байлаа. Тэгээд саяхан зар тавиад, хүргэлт хийгээд удаагүй байна. Гуравдугаар сараас эхэлсэн.
Хүргэх зүйлээ хаягаар нь очоод авдаг. Холын хүргэлтийг автобусаар хүргэчихдэг. Ойрынхыг нь алхаад эзэнд нь хүлээлгэж өгдөг. Замын түгжрэл их тул өдөрт 2-3 хүргэлт хүргэж амждаг. Автобусанд түгжирч яваад таардаг юм.
Нэг хүргэлтийг хол, ойроос нь шалтгаалаад 5000-10000 төгрөгөөр хийдэг. Заримдаа хоёр цаг, заримдаа 30 минут түгжирдэг. Ийм олон цаг түгжирч оччихоод хэдхэн төгрөг авлаа гэж боддоггүй. Олсон мөнгөө голдоггүй. 5,10 ч гэсэн мөнгө шүү дээ. Миний хэрэглээнд гайгүй хүрчихдэг. Хэрэглээ багатай болохоор болоод байдаг юм.
Би автомашингүй, унаагүй тул хүмүүс эхэндээ надад итгэдэггүй байсан. Яаралтай хүргэлтүүд нь “Чи явган, автобусаар хүргэх юм бол автомашинтай хүн гуйчихъя” гэдэг. Тэгж хэлэхэд нь жаахан эвгүй санагддаг.
Би бусдын юмыг аль болох итгэлтэй, найдвартай хүргэж өгөх сөн гэж л боддог.
Би хотод эгчтэйгээ хамт амьдардаг. Мэргэжилгүй. Хотод ажил хөөцөлдөж үзээгүй. Мэргэжилгүй, ажилгүй тул хүргэлтээ нэг хэсэг хийе гэж бодож байна. Өөр хүмүүс ажлын санал тавьбал санаа нийлсэн хүнтэй хамтарна. Ямар ч ажлыг гололгүй хийвэл сайн, сайхан амьдрах боломж дүүрэн байна гэж хэлье дээ” гэлээ.