УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Д.Сарангэрэл гишүүн байр сууриа илэрхийллээ.
2022 онд Монгол улсаа яаж хөгжүүлэв ээ гэдэг тайлангаа бид сонсож байна. Үүн дотор хүн амын амьжиргааг сайжруулах асуудал багтаж байна. Ажилгүйдэл ядуурал өсөж байна. Хүмүүс үүнд сэтгэл дундуур байна. Өнгөрсөн хугацаанд бид хэчнээн хүнийг ажлын байраар хангав ээ? Хэдэн хүнийг ядуурлаас гаргачхав аа? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд үр дүнд хүрч чадаж байна уу? 268 га газрыг Яармагт чөлөөлөөд гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ гэж иргэдийг хохироосон асуудал байна. Үүнийг яаж урагшлуулах юм бэ?
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг барилгажуулах ажил явагдаж байна. Гэвч ажил нь царцсан асуудлууд байна. Гуравдугаарт, Улаанбаатар хотын иргэд зэвтэй ус ууж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Дөрөвдүгээрт, Нийслэлд чанаргүй барилгууд их байна. Оршин суугчид нь өвөлдөө даарч байна. Энэ асуудлыг яах юм бэ” гэлээ.
Энэ асуултад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “28 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн байдаг юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжээд явж байна. Энэ асуудалд нэг л хүндрэл гардаг юм байна. Инженерийн дэд бүтэц, дулааны асуудал гардаг юм байна. Дулааны хэрэглээ нь 60 хувиар давчихсан байна” гэлээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:
2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 111 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн ажлын байрны чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд мөн анхаарсан. Мөн ажлын байрны эрэлтийн судалгаануудыг хийж байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбарын ажлын байрууд эрэлттэй байна. Нийт эрэлтийн 80 хувийг бүрдүүлж байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.