Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Энэтхэг улсад үргэлжилж байна. 65 орны 324 тамирчин өрсөлдөж буй 13 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос найман боксчин оролцож байгаа юм. Тэднээс гурав нь медалийн төлөө өрсөлдөн, хоёр нь дэлхийн медальтан боллоо.
Манай тамирчдаас эхлээд ОУХМ Л.Алтанцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдсөн. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор яллаа. Ингэснээр тэрбээр ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй (анхных нь М.Нандинцэцэг) боксчин боллоо.
Түүний дараа дэлхийн медальтан болохоор рингэнд О.Есүгэн гарсан. ДАШТ-д хоёр жил дараалан медалийн төлөө гарч ирсэн тэрбээр энэ удаа медалийн оосроос атгаад алдлаа.
Азийн аваргын хүрэл медальт О.Есүгэн хүрэл медалийн төлөөх тулаанд залуучуудын Европын аварга, Италийн боксчин С.Чараабид 5:0-ээр ялагдлаа.
Энэ жилийн дэлхийн аваргад Л.Алтанцэцэгийн амжилтыг 54 кг-д М.Энхжаргал үргэлжлүүллээ.
“Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга тэрбээр хүрэл медалийн төлөөх тоглолтод Италийн О.Савчукийг 5:0-ээр яллаа. Ингэснээр Монголын боксын түүхэнд нэг дэлхийн аваргаас хоёр эмэгтэй боксчин медаль хүртэх нь тодорхой болов.
Дэлхийн медальтан болсон М.Энхжаргал, Л.Алтанцэцэг нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Л.Алтанцэцэг медалийн өнгөө хувиргахын төлөө Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөнө. Харин М.Энхжаргалын өрсөлдөгч нь Пан Америкийн наадмын хүрэл медальт, 32 настай, Колумбын тамирчин Ени Ариас. Манай хоёр тамирчин өрсөлдөгчөө ялбал дэлхийн аваргын төлөө тулалдах болзол хангана.