Сэтгэл гутрал бол өвчин. Энэ нь нийгмийн хүчин зүйл, сэтгэл зүйн байдал гэх мэт ямар ч шалтгаанаар үүсэж болно. Тэгвэл сэтгэл гутрал ямар шинж тэмдгээр илэрдэг, үүнийг хэрхэн даван туулах, талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Ц.Саранцацралаас тодрууллаа.
Тэрбээр, Ер нь сэтгэл гутралын шалтгаан нь тодорхойгүй байдаг. Хайртай дотнын хэн нэгнээ алдах,санхүүгийн асуудалд орох гэхчлэн ямар ч асуудал байж болно.
Сэтгэл гутралд орсон хүн аливаад ямар ч идэвхгүй болно. Хоолны зуршил буурна. Ажлын бүтээмж муутай болоод уйтгарлах гуниглах зэрэг шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр хамгийн түрүүнд илэрнэ. Хамгийн эхэнд илэрсэн шинж тэмдэг нь нойрны хямрал байдаг. Нойрондоо муу болж эхэлнэ гэсэн үг. Энэ нь даамжирсаар тухайн хүн ямар ч идэвхгүй ганцаардмал, зожиг, өөрөөсөө бусдыг тусгаарлаад ажилдаа ч явахгүй, хичээлээ ч хийхгүй, нийгмийн ямар ч харилцаанд орж чадахгүй болж хувирдаг.
Хөнгөн сэтгэл гутралд орсон тохиолдолд муу мэдээнээс аль болох хол байх, цахим орчноос янз бүрийн мэдээ олж уншихгүй байх,боломж гарвал өөрийгөө идэвхтэй байлгах хэрэгтэй. Дуртай юмаа хийж гэр бүлийн уур амьсгалаа сайжруулах нь мөн сайнаар нөлөөлнө. Нойрондоо сайн болохын тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Харин хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон бол эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хөнгөн сэтгэл гутралын үед сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө авч болно. Хамгийн түрүүнд сэтгэл гутралд орж байгаа шалтгаануудаа олох хэрэгтэй. Юунаас болоод байна гэдгээ мэдэх нь зүйтэй. Нийгмийн хүчин зүйлээс болоод байна уу эсвэл шалтгаангүй байна уу гэдгээ мэдэх ёстой. Мэдээж шалтгаанаа олсон тохиолдолд тухайн шалтгаанаасаа аль болох зайлсхийх, өөрийгөө идэвхтэй байлгахын тулд нийгмийн харилцаанд орох хэрэгтэй" гэв.