Халуун орны диваажин Бали нь далайн эргийн наран шарлагын газар, тайван амьдралын хэв маяг, амралтын уур амьсгалтай тул дайны бүсээс зугтаж буй хүмүүс гэлтгүй дэлхийн аялагчдын зорих хамгийн таатай газруудын нэг болдог. Гэвч Орос, Украины дайн эхэлснээс хойш Индонезийн хамгийн алдартай арал руу дайнаас зугтсан мянга мянган Орос, Украинчууд зорих болсон юм.
Тухайлбал, 2022 онд ковидийн дараа жуулчид хүлээн авч эхэлснээс хойш нийт 58 мянга гаруй Оросууд Балид ирсэн байна. Харин 2023 оны 1-р сарын байдлаар энэ тоо 22,500-аар нэмэгджээ. Ингэснээр Оросууд Индонезийг зорих жуулчдын хоёрдугаарт буюу австраличуудын дараа бичигдэж байна. Харин Украинчуудын хувьд 2022 онд тус арал дээр ирсэн хүнийх нь тоо 7000-д хүрч байгаа бол энэ оны эхний сард 2500-аар нэмэгджээ.
Гэвч арал дээр нөхцөл байдал тун хүнд байгааг гаднын хэвлэлүүд онцолж эхэлсэн юм. Тодруулбал, Балигийн удирдлагууд энэ долоо хоногт Индонезийн Орос, Украины иргэдэд олгох визний бодлогыг зогсоохыг уриалсан байна.
Ингэхдээ тэд ёс бус авирласан, визний хугацаа хэтэрсэн, мөн зөвшөөрөлгүй аяллын хөтөч, үсчин, таксины жолооч зэрэг хууль бусаар ажиллаж байсан жуулчдын олон янзын жишээг дурдсан байна. Бали аралд байгаа олон Украинчууд энэхүү алхмыг эгдүүцэн хүлээж авсан бөгөөд ихэнх хэрэг явдал нь оросуудтай холбоотой тул тэдний хувьд шударга бус байгааг хэлжээ.
Жишээлбэл, Кута дүүргийн нэгэн цагдаагийн ажилтан "Гадаадын хүн ёс буё аашилж байгаа тухай мэдээлэл бидэнд ирэх бүрд бараг үргэлж Оросууд байдаг" гэж CNN-д ярилцлага өгчээ. Тэрээр нэмж “Гадаадынхан Бали аралд ирдэг ч хуулиас дээгүүр хүмүүс шиг л аашилдаг. Энэ нь үргэлж ажиглагдсаар ирсэн бөгөөд одоо үүнийг зогсоох цаг нь болсон "гэсэн байна.
Эх сурвалж: CNN