Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын ерөнхийлөгчийг халуун дотноор хүлээн авч, “эрхэм найз” хэмээн тодотгосон ба БНХАУ-ын 12 заалт бүхий гал зогсоох тухай энхийн төлөвлөгөөний талаар ярилцаж болно гэсэн юм. Тэд эхний өдрөө оройн зоог барьж, дөрвөн цаг орчим уулзсан. Ийнхүү айлчлалын хоёр дахь өдөр буюу албан, гол яриа хэлэлцээ хийх өдөр В.Путин Ши Жиньпинийг Кремльд улаан хивс дэвсэн угтсаныг хэвлэлүүд онцолж байна. В.Путины хувьд Хятадын энхийн төлөвлөгөө нь дайны зогсоох суурь болж чадна гэж үзэж байгаагаа хэлсэн ч баруун болон Украин бэлэн болсон цагт л энэ талаар авч хэлэлцэнэ гэсэн байна.
Тодруулбал, Мягмар гарагийн гол уулзалтын дараа талууд хамтарсан хэвлэлийн хурал хийсэн ба энэ үеэр В.Путин “Харамсалтай нь нөгөө талаас гал зогсооход бэлэн байгаа дүр зураг харахгүй байна” гэжээ. Харин түүний дэргэд зогсох Ши Жиньпин түүнийг засгийн газар энх тайван, яриа хэлэлцээг эрхэмлэх болно гэж мэдэгдсэн.
Тэрээр БНХАУ Орос, Украины дайнд “шударга байр суурь”-тай байгаа ба БНХАУ энхийг сахиулах боломжит улс болохыг эрмэлзэж байгааг хэлжээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч “БНХАУ бол ОХУ-ын гадаад худалдааны нэгдүгээрт бичигдэх түнш бөгөөд өнгөрсөн жилийн худалдааны дээд түвшнээ энэ жил дахин эвдэхийг хүсэж байна” гэдгээ илэрхийлсэн. Үүгээр зогсоохгүй, Оросын төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаас хоёр төрийн тэргүүн дараах асуудлуудыг хэлэлцсэн гэж мэдээлсэн. Үүнд:
- Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө ба түншлэлийг гүнзгийрүүлэх тухай хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан;
- Оросоос Хятад руу Монголоор дамжих хийн хоолойн асуудлаар тохиролцоонд хүрсэн;
- Цөмийн дайн дэгдэж болохгүй гэдэгт санал нэгдсэн;
- Австрали, Их Бjитани, АНУ-ын хамтарсан Аукус гэрээнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн;
- НАТО-гийн тэлэлт Азид цэрэг аюулгүй байдлын асуудал үссгэж байгаад санал нэгдсэн байна
Ийнхүү судлаачид БНХАУ-ын ерөнхийлөгчийн айлчлал дайнд төгсгөл авчирна гэсэн хүлээлтэд хүрсэнгүй гэж үзэж байна. Түүнчлэн Хятадын 12 заалт бүхий энэ энхийн хэлэлцээрт Оросын цэргүүд Украины газар нутгаас гарах тухай заагаагүй ба үүнийг нь барууны орнууд буруушааж, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дэлхий нийтийг хуурч байгаа тактикийн үйлдэл ч гэж хэлж амжсан билээ.
Эх сурвалж: BBC, CNN, AL JAZEERA