Залуу уран бүтээлч, дуучин Г.Даваадалай бие даасан хоёр дахь тоглолтоо энэ сарын 24-нд “UB place”-т хийнэ. Түүнтэй ярилцлаа.
Тэрбээр “Өрөг.мн” сайтыг үзэж байгаа эрхэм та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Би Ховд аймгийн Жаргалант суманд төрж өссөн. 2012 онд Улаанбаатар хотод орж ирээд, СУИС-ийг хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо дууныхаа уран бүтээлийг хийгээд явж байгаа жирийн нэгэн залуу байна.
Би багаасаа гэртээ, арван жилийн урлагийн үзлэгийн тайзан дээр гээд хаана л бол хаана дуулах дуртай хүүхэд байлаа. “Яргуй” наадам, урлаг, соёлын тэмцээн, уралдаанд дуугаар үргэлж оролцоно. Улсын уралдаанд түрүүлж байлаа. Том болоод заавал дуучин, урлагийн хүн болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Хичээж, зүтгэсээр энэ мөрөөдөлдөө хүрсэндээ баяртай явдаг.
Өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжтой, дуулчихдаг, бүжиглэчихдэг, жүжиглэчихдэг, хөгжим тоглочихдог энэ мэргэжил надад илүү сонирхолтой, хөрвөх чадвартай санагдсан. Тиймээс мюзиклын ангийг төгсөж байлаа.
Аливаа зүйлийг аль болох болж, бүтэх, дандаа эерэг талаас нь харахыг хичээдэг. Эх орондоо буцаж ирээд, дууны уран бүтээлдээ ороход сайхан байсан. Яг өөрийнхөө хүсэж мөрөөддөг дуртай зүйлээ хийх үнэхээр сайхан, аз жаргал. Авьяас, хөдөлмөрөө шингээн хийсэн дуугаа сонсохоор заримдаа би уйлдаг.
“Өөдрөг байгаарай” дууг би жилийн хугацаанд хийсэн. Хөгжим, найруулга, аялгуу гээд их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Тэр дуугаа сонсоход “Ямар гоё болж байна аа” гээд өөртөө урамшдаг.
Сэтгэл санаа тавгүй үед би ганцаараа дуу сонсох дуртай. Дуунуудаасаа тайвшрал, аз жаргал, хамгийн гоё кайфыг авдаг.
Тайзан дээр гарах үнэхээр гоё. Ялангуяа, энд, тэнд, автобус, таксинд явж байхад миний уран бүтээл явах, тайзан дээр гараад дуулахад үзэгчид дагаад дуулах мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр гоё.
Би хоёр жилийн өмнө “UB place”-ын тайзан дээр анх удаа гарсан. Эрхэм М.Бямбажав багшийнхаа тоглолт дээр гарч, уран бүтээлээ хүргэж байлаа. Тэр олон хүн маш сайхан хүлээж авахад нь гоё урам авсан.
Би дөрөвдүгээр сарын 16-нд өөрийнхөө 12 дуутай, “Өөдрөг байгаарай” нэртэй цомгоо гаргасан. Одоо би тоглолтдоо зориулж, 20 дуутай цомог гаргасан. “Даваадалай-2023” тоглолтыг үзсэн хүмүүст цомгоо үнэгүй бэлэглэнэ.
Одоогоор би багштайгаа хамтарсан дөрөв, нийт 30 гаруй уран бүтээлтэй болоод байна.
Би морин хуур тоглодог. Хөгжмийн найруулгадаа морин хуур хөгжмийг түлхүү оруулахыг хичээдэг. Хамтарч уран бүтээл хийдэг, ятгачин, дуучин Ө.Бохьшарга дүү маань ятга тоглодог. Би морин хуур тоглодог. Хамтарсан уран бүтээлүүддээ үндэсний хөгжмүүдээ оруулж, бусад уран бүтээлч, бусад дуунаас арай өөрөөр, өөрөө хөгжмөө тоглоод дуулдаг. Үүгээрээ давуу талтай юм болов уу.
Энэ сарын 24-нд “Даваадалай-2023” уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Яагаад “Даваадалай-2023” гэж нэрлэсэн бэ гэвэл, Даваадалай гэж ямар уран бүтээлч вэ. Даваадалай гэж хэн бэ, миний ертөнцөөр нэгэн үдэш хамтдаа аялах боломжтой.
Үргэлж Г.Даваадалайгаа дэмждэг, урам хайрладаг, дандаа гоё эерэг байдаг эрхэм үзэгч түмэндээ маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа. Гуравдугаар сарын 24-нд миний “Даваадалай-2023” уран бүтээлийн тоглолт дээр өргөнөөр хүрэлцэн ирээрэй. Аз жаргал дүүрэн нэгэн үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлцгээе. Гуравдугаар сарын 24-нд “UB place”-т тоглолтоо хийчхээд хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ учран золгоно оо. Тун удахгүй “Даваадалай-2023” тоглолтоороо уулзацгаая” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.