Эрүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг зарлаад байна. Энэ үеэр Монголчуудын өнөөг хүртэл хэрэглэж ирсэн уламжлалт хүнсний талаар Цахим эмч ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баярбямба зөвлөв.
Тэрээр "Монгол эрчүүдийн хувьд эрүүл мэнд, жин гэдэг ойлголтод маш хойрго ханддаг. Харин бүсгүйчүүд жингээ барих, жиндээ орно гэсэн сэтгэхүй байдаг ч арга зүйгээр тодорхой хэмжээнд дутаж байдаг. Монголчуудын дундаж наслалтаар авч үзэхэд эрчүүд нь эмэгтэйчүүдээс арван насаар бага насалдаг гэх статистик тоо баримт бий. Гэхдээ арван нас гэдэг зүйл дэлхийн дунджаас дөрвөөс тав дахин илүү эрсдэлтэй байдаг.
Бидний хувьд таргалалтыг өөртөө хамааралгүй болгож, ямар нэг өвчнөөс үүдэлтэй гэж ойлгодог. Гэвч таргалалтын 90-95 хувь нь тухайн хүнээс шалтгаалдаг. Амьдралын хэв маягтай холбоотой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүний буруу жишиг бол илчлэгийн илүүдэл. Монгол эрчүүдийн дунд хамгийн дуртай хоол болох цуйванг нийтийн хоолны салбарт орж идье гэхээр грамм болон килограмаар бичиж худалдаалж байдаг. Ийм хэмжээ порцтой худалдаалж болохгүй. Үүн дээр бид хамгийн түрүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Бид нар ходоодоо дүүргэх нь чухал биш эсээ цатгах нь гол юм. Үндэсний хэмжээний судалгаан дээр үүнийг авч үзэхэд илчлэгийн хувь таргалалт үүсчихсэн хэрнээ бидний хамгийн чухал гэх эс нь өлсгөлөнд нэрвэгдээд яваад байгаа юм. Ийм учраас их бага идэх нь чухал биш гол нь шим тэжээлтэй л хооллох хэрэгтэй. Бидний хувьд бүх төрлийн хоол хүнсийг хаанаас ч авах боломжтой ч зөв бүтээгдэхүүнээ сонгож чадахгүй байгаа. Үүнтэй хамгийн ойр арга хэрэгсэл нь уламжлалт хоол хүнс юм.
Бидний уламжлал юу вэ гэхээр улиралтай зохицуулж хоол хүнсээ хэрэглэдэг ард түмэн. Тэр их хүйтэн сэрүүнийг давахын тулд бид идэш гэж нэрлэдэг махаа иддэг. Дулаан цаг ирэхээр ааруул сүү цагаан идээ хэрэглэдэг. Анагаах ухааны хэллэгээр пробиотик гэх бидний сайн мэдэхээр тараг, айраг хоормог энэ зүйлүүдээ голчлон идэж бүдүүн гэдсэн дахь орчноо тэнцвэржүүлж ирсэн.
Одоо анагаах ухааны судалгаа тэр чигтээ ашигтай бактери, бичил орчны тэнцвэрийг л ярьж байна. Тэгэхээр бид одоо байгаа уламжлалт хоол хүнсээ зохицуулж хэрэглэвэл ашигтай бактери энэ их эрсдлээс хамгаалж чадна. Мөн бидний дунд антибиотикийн зохисгүй хэрэглээ өндөр байдаг. Энэ нь бидний ашигтай бактерийг, ашиггүй бактеритай нь ялгахгүйгээр устгах тохиолдол ч бий. Одоо сүүлийн үеийн анагаахын судалгаагаар антибиотик хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст таргалалт үүсэж байна" гэлээ.