Энэ сарын 20-нд КУДС–ийн оюутнууд, “захирал Ж.Солонго оюутнуудаа зоддог, дээрэлхдэг” гэсэн утга бүхий өргөдөл бичиж БШУЯ-нд хүргүүлсэн. Бид энэ асуудалтай холбогдуулан буруутгагдаж байгаа тал буюу сургуулийн захирал Ж.Солонгоос тайлбар авлаа.
-Оюутнууд таны талаар өргөдөл бичиж яаманд хүргүүлсэн байна. Та мэдэв үү?
Будрагчаа гэдэг нөхөр ийм зүйл зохион байгуулаад байгаа юм. Хоёр сарын өмнө надаас мөнгө гуйсан. Би өгөхгүй гэсэн. Зүгээр хүүхдүүдэд мөнгө өгч, хатгаад ийм зүйл хийлгээд байгаа.
СЭТГҮҮЛЧ ОЮУТНУУДАД МӨНГӨ ТАРААЖ МИНИЙ ЭСРЭГ ӨРГӨДӨЛ БИЧҮҮЛСЭН
-Сэтгүүлч оюутнуудад мөнгө тараагаад өргөдөл бичүүлж байгааг та харсан уу? Яагаад ингэж хэлж байна вэ?
Хараагүй. Гэхдээ яг тэгж байгаа. Миний нэр төрд халдсан. Би хуулийн байгууллагаар явж байгаа. Сэтгүүлчид бүгд л мөнгө нэхдэг. Та нарт цалин хөлс гэж байдаг юм уу. Яаж амьдардаг юм бэ?
-Та оюутнуудтайгаа хэрхэн харьцдаг вэ?
-Харьцдаг шигээ л харьцана. Загнана.
-Таны оюутнаа цохиж байгаа бичлэг тавигдсан шүү дээ? Тайлбар хэлээч?
-Цагдаа надаас асуусан. Манай сургууль дээр дандаа шинэ кино гаргадаг юм. Тэр үед нь гадны хүн оруулахгүй гээд хаалга хаадаг. Тэгсэн баахан нөхдүүд хаалга балбаад байсан. Тэр дунд манай оюутан ч явсан юм байлгүй дээ. Тэгээд өнөө жижүүр хаалга нээгээд өгөхөд 10-аад амьтан орчихсон юм билээ. Тэгээд энд байсан жижүүр эмэгтэй рүү дайраад, нөгөөх нь уйлаад. Би тэгээд тэднийг “та нар хэн юм, гар цаашаа” гээд гаргасан тийм л зүйл.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс сэтгүүлч С.Будрагчаагаас дээрх асуудлаар тодрууллаа.
-Ж.Солонго захирал таны оюутнуудад мөнгө өгч зохион байгуулалттайгаар ийм зүйл хийлгэж байгаа гэсэн. Үүнд та байр сууриа хэлээч?
-Солонго гэдэг хүн бол муу муухай үйлдэл нь савнаасаа хальчихсан, хүнээс гарамгүй бузар булай үйлдэл хийдэг тийм л хүн. Би оюутнуудад мөнгө төлөх ямар ч боломж байхгүй. Тийм зүйл хийсэн бол намайг ЭЦА-ныхан дор нь барьж аваад л хорино шүү дээ. Миний хувьд Ж.Солонго нараас нэг төгрөг нэхсэн түүх байхгүй.
-Сэтгүүл зүйн нэг зарчим нь буруутгагдаж байгаа талаас байр суурийг нь тодруулах ёстой. Та тэр хүнд үгээ хэлэх боломж олгосон уу?
-Тэр хүний дугаар луу удаа дараа залгасан. Харамсалтай нь утсаа аваагүй. Өөр хүмүүст олдчихдог. Надад болохоор олддоггүй. Ийм нэг жишиг байгаад байгаа. Гэхдээ энэ хүн дээр би заавал очно. Яагаад гэхээр энэ хүний үйлдсэн, оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн маш олон баримт мэдээлэл байгаа учраас заавал хариу тайлбар авна. Улаан нүүрэн дээр нь баримтыг харуулаад асуух өдөр тун удахгүй ирнэ.