Өнөөдөр "Дэлхийн яруу найргийн өдөр" тохиож байна. ЮНЕСКО жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” өдөр хэмээн тунхагласан. Эл өдрийг 1999 оноос эхлэн жил бүр дэлхий даяараа тэмдэглэсээр ирсэн. ЮНЕСКО-ийн ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ "Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрөлхтний дуу хоолой юм" хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан өөрийн авьяас бүтээлээ түүх болгон үлдээсэн нэрт зохиолч, яруу найрагч Б.Ринченгийн "Монгол хэл" шүлгийг та бүхэнд хүргэж байна.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу
Үсэн буурал өтгөс би
Д.Мөнхзул