
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д айлчилж байгаа нь дэлхий нийтийн анхаарах сэдэв боллоо. Даваа гарагт Оросын цэргийн хамтлаг Ши Жиньпинийг “халуун дулаан”-аар угтаж авсан тухай хэвлэлүүд онцолж байна. В.Путин түүнийг угтан авахдаа “шударга ёсны зарчмуудыг баримталж, улс орон бүрийн аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа”-г сайшаажээ.
Хариуд нь Ши Жиньпин “"Таны хүчирхэг удирдлага дор Орос улс цэцэглэн хөгжих замдаа асар их амжилт гаргасан. Оросын ард түмэн танд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсжэ байна. Түүнчлэн энэ айлчлалаас өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч Хятадын “People’s Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын түрэмгий бодлого ОХУ, БНХАУ-ыг сулруулж чадахгүй” гэсэн удаатай билээ.
Барууны холбоотнуудтай түнжин хагарсан ОХУ-ыг зогсоох “ганц боломж”-ийг БНХАУ гэж зарим шинжээчид найдлага тавьж буй. Өнгөрсөн сарын сүүлээр Орос, Украины дунд гал зогсоох 12 заалт бүхий “энхийн төлөвлөгөө”-г БНХАУ танилцуулсан. Хэдий дайн эхэлснээс хойш БНХАУ төвийг сахих байр суурьтай байсан ч сүүлийн саруудад ОХУ-ыг дайнаа зогсоохыг уриалж эхэлсэн билээ. Харин хоёр ерөнхийлөгчийн уузалтын үеэр В.Путин БНХАУ-ын “энхийн төлөвлөгөө”-ний талаар ярилцаж болно гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал, В.Путин “Бид яриа хэлэлцээний үйл явцад үргэлж нээлттэй байх болно” гэсэн байна.
БНХАУ-ын уг төлөвлөгөөнд ОХУ цэргүүдээ Украинаас татаж гаргах тухай заагаагүй. Украины хувьд ямар ч яриа хэлэлцээнээс урьтаж тавих болзол бол Оросын цэргүүд газар нутгаас нь гарах тухай гэдгийг мэдэгдсээр ирсэн. Харин энэ төлөвлөгөөнд “улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэлж, талууд хүлээцтэй, ухаалаг байж нөхцөл байдлыг аажмаар зохицуулах ёстой” гэж заасан юм. Энэ төлөвлөгөөтэй Украины тал ч зарим нэг талаараа нэгдэж байгаагаа нээлттэй илэрхийлсэн.
Тухайлбал, улс орнуудын тусгаар тогтнолыг хүндлэх гэдэг заалтыг тэд онцолж байсан. Гэхдээ тэд ч мөн Ши Жиньпин болон В.Зеленскийн хооронд уулзалт зохион байгуулах, эсвэл утсаар яриулах боломжийг эрэлхийлсээр байгаа. Учир нь БНХАУ ОХУ-д тусламж, дэмжлэг үзүүлж байх вий гэдэг айдас Украин төдийгүй барууны орнууд дунд үүсээд байгаа юм.
Эх сурвалж: BBC