Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлс болон худал хуурмагийг жигшиж, өөрсдийн дуу хоолойгоороо хүчтэй илэрхийлдэг урлаг бол underground hardcore юм. Энэхүү урсгалын хүчтэй төлөөлөл болох артист Limit King буюу Эрхэмбаярыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урьж, ярилцлаа. Түүний хувь реп үглэхээс гадна мотоспортоор хичээллэдэг. Спортын дэд мастер цолтой юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.
ДУРТАЙ ХУВЦСАА ӨМСӨЖ, ДУРТАЙ ШИВЭЭСЭЭ ХИЙЛГЭЖ, ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАРДАГ
Тэрээр бүх зүйл хэмжээ хязгаартай байдаг. Хэмжээ хязгаартай байгаарай гэж Limitking гэж нэрлэсэн аж. Энэ нэрээ өөртөө 13 настайдаа өгч, анхны Limit гэдэг шивээсээ хийлгэж байсан байна.
Тэрээр “Хүүхэд байхад хип хоп гэхээрээ л шуудай шиг хувцас өмсдөг гээд л адлагдаад явж байсан үе бий. Гэрийнхэн маань арай ч золбин гээд хэлчихгүй ч “Чи юу хийгээд байна. Гудамжинд гараад…” гээд л. Гудамжны хүн болох гээд л яваад байна гэж боддог. Яг хип хоп болох гээд, ойлгочхоод яваад байна гэж бодохгүй. Танхайраад л яваад байна гэж бодоод байгаа юм. Гэхдээ өсвөр насны хүүхэд түүндээ маш их итгэлтэй “Би яг ийм л болно” гэдэг ч юм уу, нэг зүйл харчихсан байгаа юм. Тэр нь явсаар байгаад л өдийг хүрсэн. Хип хопоос буцаж үзээгүй.
Яг санасан, хүссэнээрээ амьдарч байна. Өөрийнхөө дураар хувцаслаж, дуртай газраа шивээс хийлгэж, өөрийнхөө дураар л амьдарч байна” гэсэн юм.
СПОРТ МАШИН, МОТОЦИКЛ УНАЖ, ТААШААЛ АВДАГ
Хип хоп хүнд байх ёстой зүйлс байдаг гэж боддог. Мэдээж гоё машин, ганган хувцас бол хэрэглээ. Зарим хүмүүс “Юу ч унасан яах вэ, хөл дүүжлэх унаатай байхад болно” гэж ярьдаг. Миний хувьд бүх зүйл гангараа. Би гоё машин, мотоцикл, ганган хувцас хэрэглэж гангарна. Зарим хүмүүс “Ийм зүйлээр яадаг юм. Ийм зүйлийн хор гарсан. Би зүгээр байгаагаа унаад л ажлаа амжуулдаг” гэж ярьдаг. Би бүх зүйл гоё байх ёстой гэж боддог. Түүнээс өөрөө маш их таашаал авдаг.
Зарим нь “Энэ нэг бөгсний загатнаа нь гараагүй бацаан” гэдэг ч юм уу, зөндөө хэлдэг. Би хөгширсөн ч давхих байх.
Жаахан муухайгаар яривал гудамжинд приус, аксент уначхаад далдганаад байгаа юм биш. Би угаасаа хурд хийх зориулалттай супер, спорт машин, мотоцикл унадаг. Би хурдлах гэж, гангарч, таашаал авах гэж л худалдаж авч байгаа шүү дээ. Тийм унаа уначхаад паацганаад яваад байна гэж байхгүй. Тэгж хэлдэг хүмүүсээ л хэл. Угаасаа зориулалтынх нь машин мотоциклыг унаад явж байхад “Энэ хүн аллаа, энэ ямар далдганасан юу вэ” гээд л есөн шидээр хэлнэ.
ХАРААЛ ХЭЛЖ, НҮҮРЭЭРЭЭ ШИВЭЭС ХИЙЛГЭЛЭЭ ГЭЭД МУУ ХҮН БИШ
“Хараал хэллээ гээд муу хүн биш. Нүүрээрээ шивээс хийлгэлээ гээд дээрэмчин би гэдгийг л ойлгуулахыг хичээдэг. Нийгэмд гараад алхахаар эвэртэй туулай харж байгаа юм шиг л хүн бүр хараад, надад их хэцүү байдаг. Зарим залуучууд “Ямар гоё ах вэ, дэмждэг шүү” гээд л. Хөгшин хүмүүс бол хялалзаад л өнгөрдөг. Үглээд, толгойгоо сэгсрээд л. Би юмыг нь хулгайлчихсан юм шиг.
Тэр хүн өмнө нь нүүрээрээ шивээстэй хулгайч бацаантай таарчихсан болов уу, тэр хүний амьдралд тийм зүйл сэтгэлд нь сэв хийсэн байгаа байх л гэж боддог. Эсвэл үзээд байгаа кинонуудад над шиг хүмүүс дандаа муу дүр байдаг. Буруу зүйл зардаг, хүн алдаг, дээрэмддэг, буланд зогсож байдаг.
Би хэнд ч гай болоогүй мөрөөрөө бизнесээ хийгээд, дуугаа дуулаад амьдарч байхад яагаад намайг үзэн ядаад, ялгаварлаад байдаг юм бэ. Би хэн нэгний хайртай хүү. Миний ээж, аав, өвөө, эмээ, эхнэр, хүүхэд бүгдээрээ надад хайртай. Нүүрээрээ дүүрэн шивээстэй, хараалын үг хэлж дуулдаг ч би урван хүүхдийн сайн аав.
Хүмүүжил гэдэг зүйл хамгийн анхны суурь. Хүмүүжлийг нь сайн тавиад өгчихвөл хүүхэд буруу хүнтэй таарсан ч буруу зүйл хийхгүй. Миний хувьд алдаанаасаа суралцаад, өөрийгөө бүр сайжруулаад, жинхэнэ нөгөө хор нь гарсан гэдэг шиг л явж байгаа хүн” гэж нийгмийн харилцаанд оролцоход түүнд хэрхэн ханддаг талаар хуваалцсан юм.
ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН МОТОЦИКЛЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ
Мотоспорт намайг төрөхөд л байсан. Би морин дэлэн дээр өсөөгүй. Мотоциклын суудал дээр ээж, аав хоёрынхоо голд өссөн. Манай өвөөг Бямбаа гэдэг. Мөсний мотоциклоор уралддаг байсан. Би гурав дахь үеийн мотоциклчин. Манай аав мотокроссчин. Олон улсын хэмжээний мастер Батцэнгэл гэж хүн байдаг. Бумбарааш гэдэг нэрээр хүмүүс мэддэг.
Дөрвөн настайгаасаа мотоцикл унаж эхлээд, олон олон улсын аварга, хотын аварга болсон. Азийн аваргын мөнгөн медальтай, Спортын дэд мастер цолтой.
Ямар ч спортоор хичээллэж байгаа хүн энгийн хүнээс огт өөр байдаг. Тэвчээр, хатуужил, ёс суртахуун, харизм гээд бүх л зүйлийг спорт суулгадаг. Миний хувьд урлаг, спорт хоёр жигүүр минь. Энэ хоёр л намайг хүн болгосон.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.