Олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг баривчлах зөвшөөрөл өгснөөс нэг өдрийн дараа тэрээр Мариуполь хотод ирлээ. Орос, Украины дайн эхэлснээс хойших хамгийн их хохиролтой байлдаануудын нэг энэ бүсэд болсон ба ОХУ-ын хяналтад орсон юм.
В.Путин Мариуполь руу нисдэг тэргээр очсоны дараа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин түүнд хотын сэргээн босголтын талаар танилцуулсныг Тасс агентлаг мэдээлсэн байна. Харин хотыг тойрч харах шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч гэнэт гаргасан гэдгийг Кремлээс мэдэгджээ. Мөн тэрээр Мариуполийн зүүн хэсэгт байрлах Оросын хотын цэргийн командлагч нартай уулзсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Бямба гарагийн орой болсон энэ айлчлал В.Путины хувьд “бэлгэ тэмдэг” төдий зүйл байсан гэж Мариуполийн Украин захирагч хэлсэн байна. Түүний хэлснээр “В.Путины уур хилэн энэ хотыг ийм байдалд оруулсан. Мариуполь бол хамгийн удаан бүслэлтэд байгаа хот, өөр ямар ч хот ингэж аймшигтай сүйдээгүй. Тиймээс тэр өөрийн биеэр ирж, юу хийснээ харах гэж байгаа нь энэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэн газраа ирж байгаа мэт гэж тэрээр зүйрлэсэн байна. Ийнхүү арван сарын хугацаанд Оросын хяналтад байгаа тус хотод нийт 20 мянга гаруй хүн амиа алдсан гэж Украины талаас мэдээлсэн. Түүнчлэн НҮБ-аас тус хотын барилга, орон сууцны 90 хувь нь нурж, сүйрсэн бол 350 мянга гаруй иргэн нь дүрвэсэн гэж тооцоолжээ. Дайн эхлэхээс өмнө уг хотод 500 мянган хүн оршин суудаг байсан юм.
Эх сурвалж: BBC