Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал гаргажээ.
Шүүх түүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахаас гадна Украин хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргасан гэж үзэж байна. Эдгээр гэмт хэргүүд 2022 оны хоёрдугаар сарын 24-нд буюу ОХУ Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш болсон гэж ОУЭШ мэдэгджээ.
ОХУ-ын зүгээс энэ мэдэгдлийг няцааж, дээрх шийдвэрүүдийг "харгис хэрцгий" гэж тодорхойлсон байна. Гэхдээ ОУЭШ-д сэжигтнийг баривчлах эрх байхгүй, зөвхөн гишүүн орнуудын асуудлыг хэлэлцэх эрх мэдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ гишүүн орнуудынх нь нэг биш юм.
Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь В.Путинд олон улсад зорчих боломжгүй гэх мэт өөр хэлбэрээр нөлөөлж болзошгүй байгаа юм.ОУЭШ-ийн мэдэгдэлд, В.Путиныг бусадтай хамтран гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ өөрөө шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж мэдэгджээ. Түүнчлэн түүнийг хүүхдүүдийг албадан гаргахыг зогсоохын тулд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглаагүй гэж буруутгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас ОУЭШ-ийн энэ алхмын талаар асуухад "Энэ нь үндэслэлтэй гэж би бодож байна" гэжээ. Тэрээр АНУ В.Путин дайны гэмт хэрэг үйлдсэн нь илт" гэж нэмсэн байна. Мөн ОХУ-ын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Беловаг дээрх гэмт хэрэгт холбогдуулан ОУЭШ-ээс эрэн сурвалжилж байгаа юм.
SOURCE: BBC