Хэд хоногийн өмнө ОУХМ Т.Санчир дээд лигийн улирлын MVP болохдоо “Монголын сагсан бөмбөгт шинэ үе түрэн гарч ирж буйд баяртай байна” гэж онцолсон. Б.Билгүүн, Т.Санчир нарын залгамж халаа, орон зайг нөхөх ур чадвартай залуусын нэг нь яах аргагүй Ариунболдын Ананд. “Хасын Хүлэгүүд”, “Сансар ММС Энержи” багийн тоглогч тэрбээр сагсан бөмбөгийн спортын “А” үсгээ Японд заалгасан. Улмаар 2019 онд эх орондоо буцаж ирэн, тэр жилээ “Хасын Хүлэгүүд” багийн хамт дээд лигээс мөнгөн медаль хүртсэн.
Үүний сацуу “Улаанбаатар ММС Энержи” багт 3х3 төрлөөр наймхан сар өрсөлдөөд дэлхийн шилдэг 10 рүүки тоглогчийн нэг болсон. Мөн өнгөрсөн жил Их дуулгын дэлхийн шилдэг тоглогчоор тодорч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин гэдгээ батлан харууллаа. Монгол хүн багийн спортоор тэр тусмаа сагсан бөмбөгөөр дэлхийн шилдгээр тодорсон нь нь яах аргагүй бахархам, бахдам амжилт.
Өдгөө А.Ананд дөрөвхөн жилийн хугацаанд “Хасын Хүлэгүүд”-ийн, “Сансар ММС Энержи”-гийн төдийгүй Монгол Улсын үндэсний шигшээ багийн гол тоглогч, олны хайртай тамирчдын нэг болж амжив. Хэр ур чадвартай, авьяастай, олны хүндлэлийг хүлээсэн тамирчин гэдгийнх нь нэгээхэн илрэл энэ мөнөөс мөн. “Өрөг.мн” сайтаас бэлтгэн хүргэдэг “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт А.Анандыг урьж ярилцлаа.
-Та энэ жилийн дээд лигт “Хасын Хүлэгүүд” багт тоглож байна. Шинэ багтаа хэр хурдан дасав?
-Би өмнө нь 2019 оны дээд лигт “Хасын Хүлэгүүд” багт тоглож, мөнгөн медаль авч байсан. Энэ жил багтаа эргэн нэгдээд тоглоход ямар ч асуудал гарахгүй байгаа.
-Өнгөрсөн жилийн дээд лигийн дараа О.Энхбаатар та хоёрыг багтаа үлдэх эсэх олны сонирхлыг ихэд татсан. “Архангай Алтан Дорнодын дайчид” баг гэрээгээ сунгах санал танд тавьсан уу?
-Тавьсан, тавьсан. Өнгөрсөн зун “Хасын Хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүн ах надтай олон удаа уулзаж, ярилцсан. Тэгээд ирээдүй рүүгээ чиглэсэн санал надад тавьсан юм. Саналыг нь би бодолцож үзээд нэгдлээ.
-“Хасын Хүлэгүүд” багт Б.Билгүүн, О.Сэргэлэн, Ц.Азбаяр нарын олон шилдэг бий. Шилдгүүдээс хамгийн их үлгэрлэж, суралцаж буй зүйл юу байна вэ?
-Багийн лидер, ахлагч хүн ямар байх, багаа яаж удирдаж, зангидахыг Б.Билгүүн ахаас суралцаж, үлгэрлэж байна. Багийн ахлагч хүний үүрэг, хариуцлагаас гадна тамирчин хүний ёс зүй, ур чадвар гэх мэт Томми ахаас суралцах зүйл маш их. Ур чадвар өндөртэй, авьяастай, үлгэр жишээ олон тоглогч “Хасын Хүлэгүүд”-д бий. Бүгдээс нь суралцаж, өөрийгөө хөгжүүлж явна.
-М.Ананд Японд сурч, сагсан бөмбөгөөр хичээллэж байсан. Энэ спортын сууриа Их наран улсад тавьсан нь өнөөгийн амжилтад нь хэр нөлөөлдөг вэ?
-Маш их нөлөөлдөг. 15 настайдаа Японд очин, “Жобу” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр сурсан. Японы хоёрдугаар дивизионд өрсөлддөг тус сургуулийн багт тоглон, гараанд гардаг байв.
Хагас цэрэгжилтийн байдалд бэлтгэл хийнэ, тэмцээнд оролцоно. Өглөө 07.00 цагт шидэлтийн бэлтгэл хийнэ. Тэгээд хичээлдээ яваад, бэлтгэлээ хийнэ. Орой 22.00 цагт дотуур байрны гэрлийг унтраан, шууд унтана. Тийм хэмнэлд, тэгж бэлтгэл хийснээр хувийн сахилга бат өндөртэй болсон, багаар ажиллах, ойлголцох чадвар маань сайжирсан. Тэнд би таван жил амьдарсан. Сагсан бөмбөгийн спортын “А” үсгээ Японд заалгасан нь миний өнөөгийн амжилтад, ур чадвар ахихад, хувь хүний төлөвшил, хөгжилд үнэхээр их нөлөөлдөг.
-Тэнд байхдаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тэмцээнд оролцож байв уу?
-Ганцхан удаа оролцсон. 2018 онд “Жобу” их сургуулийн багийнхны хамт Бүх Японы аваргад оролцон, хоёрдугаар байрт орсон.
-“Жобу” их сургуулийг гуравдугаар дамжаанаасаа орхиод Монголд ирсэн. 5х5, 3х3 төрлөөр мэргэжлийн түвшинд тууштай тоглохын эхлэл нь тэр байв уу?
-2019 онд “Жобу” их сургууль амарчихсан байхад “Хасын Хүлэгүүд” баг надад анх санал тавьсан юм. “Плэй-оффын үеэр ирж тоглооч” гээд. Тэгээд тэр жилийн плэй-оффт “Хасын Хүлэгүүд” багт тоглосон. Дээд лиг дууссаны дараа С.Тулга дасгалжуулагч “Улаанбаатар ММС Энержи” багт тоглох санал надад тавьсан юм. Тэгээд аав, ээжтэйгээ ярилцаж байгаад зөвшөөрсөн.
Тухайн үед Г.Цэнгүүнбаяр ах бэртчихсэн байсан юм л даа. Би орон зайг нь нөхөөд өрсөлдсөн. Анхандаа 3×3 төрлийн дүрмэнд дасахад амар байгаагүй ээ. Шантармаар, больё гэж цөхөрмөөр үе зөндөө байсан. 3×3 төрлийн дүрэм, багийнхаа системд уусаж чадахгүй үе, цагийн зөрүүнд дасах шиг хэцүү зүйл байгаагүй. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тууштай хичээллэх, амжилтын төлөө зүтгэж эхлэхийн маань эхлэл тэр байлаа.
Монголоос олон цагийн зөрүүтэй улсад очоод тэмцээнд оролцох анхандаа хэцүү байсаан. Тэр бүхэнд бууж өгөөгүйгийнхээ хүчинд өнөөгийн амжилтад хүрлээ. Би мундагтаа ийм амжилтад хүрээгүй. Би бус бид багаараа шилдэг байсаар ирснийхээ хүчинд л өнөөгийн амжилтыг гаргасан юм шүү.
-Сагсан бөмбөгийн спортоор уйгагүй хичээллэвэл амжилт гарган, дэлхийн шилдэг болж чадна гэсэн итгэл өгсөн тэмцээн, хүн хэн бэ?
-Хожсоноос илүү хожигдсон тоглолтоосоо их зүйл ухаардаг, суралцдаг. Хожигдлоосоо эргэн ирээд, өөртөө дүгнэлт хийсэн үе зөндөө. Ер нь тамирчин хүн хожигдсон тоглолтоосоо илүү их сургамж авдаг, дүгнэлт хийдэг, ур чадвар нь ахьдаг гэж би боддог.
Мэдээж миний амжилтад нөлөөлсөн олон хүн бий. Гэр бүлийнхэн, аав, ээж, эмээ маань надад их тусалдаг, бүх талаар дэмждэг. Мөн гавьяат дасгалжуулагч С.Тулга багш миний амжилтад маш их нөлөөлсөн, урам зориг, итгэл өгсөн.
-2019 онд Монголд буцаж ирснээсээ хойш наймхан сарын дараа 3х3 төрлийн дэлхийн шилдэг 10 рүүки тоглогчийн нэг болсон. Тийм богино хугацаанд амжилтаа ахиулж, дэлхийн шилдэг болж чадна гэсэн итгэл, багцаа танд байсан уу?
-Үнэнийг хэлэхэд сайн тоглоё, ур чадвараа ахиулъя, багтаа хувь нэмрээ оруулъя л гэж бодож байв. Түүнээс биш дэлхийн шилдэг болно гэж төсөөлж ч байгаагүй. Уйгагүй хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд дэлхийн шилдэг 10 рүүки тоглогчийн нэгээр тодорч чадсан.
-Өнгөрсөн жил Их дуулга тэмцээний дэлхийн шилдэг тоглогч боллоо. Гол шалгуур нь юу байв?
-Инстаграм хаягаар санал асуулга явуулсан юм билээ. Санал асуулгаар эхлээд дэлхийн шилдэг 10 тамирчныг тодруулсан. Тэгээд тэндээс ньби хамгийн олон санал авч, дэлхийн шилдэг боллоо.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Өнөөдөр энэ спортоор хэчнээн олон хүн хичээллэж байгаа билээ. Тэдэн дундаас монгол тоглогч онцгойрч, дэлхийн шилдэг болсон нь яах аргагүй бахдам амжилт. “Би чадлаа, чадаж байна” гэж өөрөөрөө бахархаж, онгирмоор санагдсан уу?
-Ерөөсөө тэгж бодогдоогүй. “Дэлхийн шилдэг болж чадлаа”л гэж бодсон. Надад гоё санагдсан. Өөрийгөө улам хурцалж, хичээх, дайчлах учиртайг ухаарлаа. Дутуу зүйлүүдээ нөхөн, ур чадвараа, тоглолтоо улам сайжруулах урам авлаа.
-Би А.Анандыг Монголын од тамирчин гэж үнэлдэг. Та өөрийгөө тэгж үнэлдэг үү?
-Мэдээж өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлдэг. Гэхдээ “Би л чадаж байна. Од болчихлоо” гээд өөрийгөө хөөргөж, өндөрт шидэх дургүй. Ер нь алдаа, оноогоо цэнэж, даруухан байхыг хичээдэг.
-Баззер шидэх ч юм уу яг чухал мөчид сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж талбайд гардаг вэ?
-Тухайн агшинд нэг их юм боддоггүй. Аль болох элдэв юм бодолгүй, сайтар төвлөрөхийг хичээдэг. Дасгалжуулагчийн зурсан төлөвлөгөөний дагуу довтолно гэж боддог.
-Довтолгоогоо алдчих вий, багийнхныгаа хөөдчих вий гэж айдаг уу?
-Тийм дарамт мэдээж бага зэрэг байлгүй яах вэ. Ерөнхийдөө гайгүй. “Боломж байгаа. Би чадна” гэж бодоод талбайд гардаг.
-3х3, 5х5-аар нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо нь хэд билээ?
-2022 онд 3х3-ын Их дуулгын нэг тоглолтод 12 бил үү 13 оноо авсан. 5х5-аар авсан хамгийн өндөр оноо маань 36. Дээд лигийн тоглолтод “IHC apes” багийн эсрэг авсан шиг санаж байна.
-Талбайд гарахдаа “Олон оноо авч, багийнхаа лидер болъё” гэж боддог уу. Хийх ёстой зүйлсээ 100 хувь гүйцэтгэе гэж мэрийдэг үү?
-Олон оноо авахаас илүү хожихыг л би хүсдэг. Би ганц ч оноо авч чадаагүй ч манай баг хожвол надад гоё, аз жаргалтай. Нэгдүгээрт мэдээж хожлыг эрхэмлэнэ. Багаараа хожиж байгаа юм чинь би ганцаараа хэчнээн олон оноо аваад ч нэмэргүй шүү дээ. Би 40-50 оноо авсан ч баг маань хожигдвол ямар ч үнэ цэнгүй. Гол нь багийн амжилт, тоглолтын үр дүн чухал. Тиймээс багийн бүх тоглогчийн оролцоотой хожил надад амттай.
-А.Ананд өөрийгөө амьтантай зүйрлэвэл?
-Харин ээ, загас юм болов уу.
-Амар амгалан, тайван дөлгөөн талаасаа юу?
-Тийм ээ. Ер нь тайван.
-Хүн даруухан, хүнлэг байх нь амжилтад хэр эергээр нөлөөлдөг вэ. Тамирчин хүнд хэр чухал зүйл вэ?
-Чухал, чухал. Өөрийгөө анзаараад, тайван байх мэдээж чухал. “Шатдаг”, бусдыг өддөг, “шатаах” гэж оролддог тоглогч олон байгаа. Би “шатаад”, шүүгчтэй, өрсөлдөгч багийн тоглогчтой муудалцдаггүй. Өөрийгөө тайван байлгаж, багийнхныгаа, өрсөлдөгчөө, үзэгчдээ хүндлэх чухал. Тиймээс өрсөлдөгч тамирчин хэчнээн өдөж, “шатаах” гэж оролдоход би юу ч болоогүй юм шиг байхыг хичээдэг.
Тамирчин хүн хичээх, хөдөлмөрлөх, тууштай байх мэдээж чухал. Үүнээс гадна талбай дээр, талбайн гадна ч нэг л зангаараа, биеэ зөв авч яван, үлгэр жишээ байх хэрэгтэй. Хэчнээн нэр хүндтэй, авьяастай тоглогч байлаа гээд олон түмнийг хүндлэхгүй, элдэв хэрэгт орооцолдон, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлбэл үнэ цэнгүй.
-“Өнөөдөр А.Ананд хэр тоглохоос их зүйл шалтгаална” гээд хүмүүс итгэл хүлээлгэн, дэмжих нь заримдаа сэтгэл зүйн дарамт болох юм уу?
-“Өнөөдөр л чи сайн тоглох ёстой шүү” гэж бодон, хэтэрхий их хичээхээр өөрийнхөөрөө байж чаддаггүй. Тийм тохиолдол надад байсан. 22, 23 настай байхад юм уу даа. Тэр бодол маань надад сэтгэл зүйн дарамт болдог байсан юм билээ.
-Одоо ер нь тиймэрхүү байдалд ордог уу. Хэрхэн даван туулдаг вэ?
-Одоо тиймэрхүү дарамт мэдрэхээ байсан. Сэтгэл зүйгээ удирдаад сурсан гэх юм уу.
-Эхээс хэдүүлээ билээ?
-Эхээс дөрвүүлээ, би айлын том нь. Гурван дүүтэй. Ер нь бага нас эмээ, өвөөтэй минь салшгүй холбоотой. Өвөө, эмээгийн амь, зав л гарвал сагсан бөмбөг тоглодог хүүхэд байв. Яг доод талын дүүгээсээ би 12 насаар ах.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Найз охинтойгоо, найзуудтайгаа хамт байх, кино үзэх дуртай. Ер нь чөлөөт цаг гарвал аль болох амрахыг, агаар салхинд гарахыг хичээдэг.
-Монголын төдийгүй дэлхийн шилдгүүдийн хэн, хэнээс үлгэрлэж явдаг вэ?
-2-3 тоглогч бий. “Улаанбаатар ММС Энержи” багийн Э.Дөлгөөн ахаас дайчин чанарыг нь үлгэрлэдэг. Манай багийн О.Сэргэлэн ахаас тамирчин хүн ямар байх, сахилга бат ямар чухлыг үлгэрлэж, суралцдаг. Багийн ахлагч, лидер хүн ямар байхыг Б.Билгүүн ахаас үлгэрлэдэг.
-Монголын сагсан бөмбөг нэлээдгүй хугацаанд 2-3 холбоотой, лигийн 2-3 тэмцээнтэй, 5х5-аар олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулчихсан байсан. Одоо нэгдсэн нэг холбоотой, дээд лигийн нэг тэмцээнтэй, 5х5-аар Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөөд, олон улсын чансаатай боллоо. Энэ бүхэн тамирчдын амжилт, сагсан бөмбөгийн хөгжилд хэр эергээр нөлөөлж байна вэ?
-Нэг холбоотой, нэг зорилготой болж, тамирчид ч мөн адил нэг дээвэр дор орлоо. “Уран ган”-ы хамт олон ийм гоё “UG arena” барьлаа. Сагсан бөмбөгчид тоглох, дээд лигээ хийх ийм гоё ордонтой болсон нь тамирчид, үзэгчдэд үнэхээр урамтай байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо дээд лигийг үнэхээр өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу сайхан зохион байгуулж байна. Манай холбоо үнэхээр ажил хэрэгч, мундаг ажиллаж байгаа. Өөлөх юм алга.
Гадаадын ур чадвар өндөртэй шүүгч нар сургалт явуулж байна, дасгалжуулагчдыг бэлдэж байна. Тоглогч, дасгалжуулагч, шүүгч бүгд нэг шат ахилаа. Дараа, дараагийн жилүүдэд Монголын сагсан бөмбөг улам өндөр хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Манай шигшээ түүхэндээ анх удаа Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авлаа. Энэ бол эв нэгдэлтэй байж холбоо сайн ажилласны, чадварлаг шигшээ баг бүрдсэний үр дүн.
-“Ананд ах шиг тамирчин болох сон” гээд танаас үлгэрлэж, сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа хүүхэд, залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хамгийн гол нь тууштай байгаарай. Хувийн зохион байгуулалт, сахилга бат маш өндөртэй байх хэрэгтэй. Хүүхэд бүхэн мэргэжлийн тамирчин болох албагүй. Хүүхэд бүхэн сагсан бөмбөгийн спортоос үнэхээр гоё мэдрэмж, сайхан зүйлүүдийг олж авч чадна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ, эрүүл чийрэг болно, ялалт, ялагдлын амтыг мэдэрнэ, зөв хүн болж төлөвшинө.
-NBA-ийн тоглолтууд ид үргэлжилж байна. Таны таамгаар энэ улиралд аль баг аварга болох бол?
-“Milwaukee bucks” багийг түрүүлнэ гэж таамаглаж байна.
-Спортдоо төдийгүй хувийн амьдралдаа хийхээр зорьж, хүрэхээр тэмүүлж буй зорилгоосоо хуваалцана уу?
-Ойрын зорилго гэвэл, дээд лигт амжилттай оролцох, түрүүлэх. Мөн гуравдугаар сард болох 3х3-ын Азийн АШТ-ээс алтан медаль хүртэхийг зорьж байна. Цаашлаад олимпын эрх авах, “Парис-2024” олимпод түрүүлэх, медаль авахыг үнэхээр их хүсэж, зорьж явна.
Сагсан бөмбөгийн спортод хувь нэмрээ оруулахын тулд өөрийн гэсэн спорт заалтай болох, хүүхдүүдэд заахыг хүсдэг.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцсон танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Монос хүнс” компанийн гарын бэлгийг гардуулъя.
-Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан “Өрөг.мн” сайтын хамт олонд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Дээд лигт түрүүлэх, олимп, дэлхийн аварга болохыг ерөөе.
-За, баярлалаа. Ерөөл бат оршиг.