Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Хурлыг даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан зээлээ яагаад төлөхгүй байгаа талаах асуухад, "Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гэвэл ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна. Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна. Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой. Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан" гэв.
"Буян" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь тус компани зээлийн муу түүхтэй байсан ба шаардлага хангаагүй үед төслийн санхүүжилт олгосон гэж шинжээч үзлээ.
Зээлийн зарцуулалт:
- Нийт санхүүжилтээс 2.8 сая төгрөгийн бэлэн зарлага
- Хүүгийн төлбөрт 21 сая төгрөг
- Өөрийн хамаарал бүхий компаниудын данс руу 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн