Энэтхэгийн баруун хэсгийн Махараштра мужийн тариаланчид сонгины үнийг нэмэгдүүлэхийг шаардан Мумбай руу 200 км алхан, эсэргүүцлээ илэрхийлж байна. Уг эсэргүүцлийн улмаас эрх баригчид сонгино тариалагчдад санхүүгийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн. Гэвч тариаланчид уг саналыг няцааж, эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлжээ.
Жагсаалын тухайд, Нашик дүүрэгт байрлах тариаланч Намдев Такарегийн фермд л гэхэд эгнээ, эгнээ сонгино ялзарч байгааг BBC агентлаг сурвалжилжээ.Тариаланч эр зардлаа нөхөж чадахгүй байгаа учраас сонгино хурааж, зах зээлд гаргах ажилчин хөлслөхөд мөнгө үрмээргүй байна гэсэн байна. Тэрээр сүүлийн хэдэн долоо хоногт сонгины үнэ гэнэт унасны дараа эсэргүүцлээ илэрхийлж буй Махараштра дахь олон мянган тариаланчдын нэг юм.
Жагсагчдын зарим нь муж улсын захирагчид санал илгээсний дараа цөхрөнгөө барсандаа ургацаа шатаасан бол бусад нь эрх баригчдын анхаарлыг татахын тулд Ерөнхий сайд Нарендра Моди руу хүртэл сонгино илгээжээ. Жилд ойролцоогоор 24 сая тонн сонгино олборлодог Энэтхэг улс нь Хятадын дараа бичигдэх дэлхийн хоёр дахь том сонгино үйлдвэрлэгч юм. Харин үүний талаас илүү хувийг Махараштра мужийн тариаланчид тариалдаг байна. Тодруулбал, улс даяар тариалж буй сонгины 10-15 хувийг бусад улс руу экспортлодог аж.
SOURCE: BBC