“Хүлэгү” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино 2020 онд үзэгчдийн хүртээл болсон. Найруулагч С.Баттулга найруулсан тус киноны хоёрдугаар ангийг хийнэ гэж бусдыг залилсан хэрэг гарчээ.
Гэмт этгээдүүд “Урлаг кино акедэми” гэсэн пэйж хуудас нээн, “Бүтэн амьдрал” киноны хоёрдугаар ангид тоглох 8-16 насны хүүхдийн гол, туслах дүрийн сонгон шалгалууралт зарласан байна.
Ингэхдээ гол дүрд тоглоход 500.000, туслах дүрд 250.000-аар тоглуулна, бүртгэлийн хураамч 10.000 төгрөг гэжээ. Сонгон шалгаруулалтын явцад зургаан хүүхдийг тэнцлээ гээд пэйж хуудсандаа тагласан байна.
Тэдгээр рүү орж харахад бүгд хуурамч хаяг байв. Мөн “Урлаг кино акедэми” гэсэн пэйж хуудасныхаа бүх мэдээллийг устгасан байлаа.
З.ОНОН: ЦАХИМ ЛУЙВАР ИНГЭЖ МУУХАЙ ИЛ ЦАГААН БОЛОХ ГЭЖ
Энэ талаар “Бүтэн амьдрал” киноны гол дүрийн жүжигчин З.Онон анх мэджээ. Тэрбээр цахим хуудсандаа “Анхааруулга. “Бүтэн амьдрал-2” хийгдэнэ гэж хүүхдүүдээс мөнгө залилах арга олжээ. Ёстой худлаа шүү. Цахим луйвар ингэж муухай ил цагаан болох гэж. Гол дүрд тоглох бол 500,000 төгрөг өг гэнэ үү. Тийм юм хэзээ ч байдаггүй юм аа. Хөдөлмөрлөж мөнгө ол л доо залилагч нараа. Хөөрхөн дүү нар минь албан ёсны пэйж, суваг телевизээр шалгаруулалтууд ямар ч үнэ төлбөргүй, ил зарлагдаж явагддаг шүү” гэжээ.
С.БАТТУЛГА: “БҮТЭН АМЬДРАЛ”-ЫН II АНГИЙГ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ ОДООГООР АЛГА
Бид энэ талаар “Бүтэн амьдрал”-ыг найруулсан С.Баттулгаас тодрууллаа.
-Бүтэн амьдрал”-ын хоёрдугаар ангийг хийнэ гэж бусдыг залилсан байна. Энэ талаар та хэзээ мэдсэн бэ?
-З.Онон өчигдөр фэйсбүүктээ пост оруулахад нь л мэдлээ. “Бүтэн амьдрал”-ын хоёрдугаар ангийг хийнэ гэдэг худал мэдээлэл. Ийм худал мэдээлэл тарааж, хүүхдүүдийг цахимаар залилсанд гайхаж байна. Нөгөө талаар “Бүтэн амьдрал”-ыг хийсэн уран бүтээлчдийн нэр хүндтэй холбоотой асуудал.
-Та хуулийн байгууллагад хандах уу?
-Яг юу болсныг судалж байж шийднэ. Та нар надаас гэхээс илүү хохирогч болсон хүүхдүүд, ар гэрээс нь яриа авсан нь дээр байх. Тэгвэл илүү тодорхой мэдээлэл авна.
-Хорирогч хүүхдүүд, ар гэр нь тантай холбоо барьсан уу?
-Одоогоор “Би хохирогч болчихлоо” гээд надтай холбоо бариагүй байна. Ер нь энэ талаар өчигдөр л мэдсэн болохоор яг юу болсон талаар сайн судалж амжаагүй явна. “Бүтэн амьдрал”-ын хоёрдугаар ангийг хийх төлөвлөгөө одоогоор алга. Угаасаа дуусчихсан төсөл.
ЦЕГ: “БҮТЭН АМЬДРАЛ”-ТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ИРЭЭГҮЙ
“Бүтэн амьдрал”-ын хоёрдугаар ангийг хийнэ гэж луйвардсан талаар гомдол Цагдаагийн байгууллагад ирсэн талаар тодрууллаа. ЦЕГ “Энэ талаар ямар нэгэн гомдол, санал цагдаагийн байгууллагад ирээгүй. Хэрвээ ирвэл хуулийн дагуу шалгана” гэлээ.
Мөн бид “Бүтэн амьдрал”-ын хоёрдугаар ангид тоглоно гэж мөнгөө луйвардуулсан хүүхдүүдтэй холбоо барихыг оролдлоо. Гэвч сонгон шалгаруулалт хуурамчаар явуулсан цахим хаяг бүх мэдээллээ устгасан, хаалттай групп чат ашигласан байсан тул хохирогчдыг олж, холбоо барьж чадсангүй.