Монголын сагсан бөмбөгийн спортод шинэ үе хүч түрэн гарч ирж байна гэж спортын хүрээнийхэн үнэлж буй. Ур чадвар, амжилтаараа Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж буй олон залуу тоглогч манайд бий. Тэдний нэг нь “Архангай Алтан Дорнодын дайчид” багийн тоглогч Ч.Ихбаяр. 22 настай тэрбээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2022-2023 оны улирлын амжилт нь ахьсан тоглогчоор тодорлоо. Түүнтэй ярилцлаа.
Тэрбээр “Энэ шагналыг аваад маш их догдоллоо. Үнэхээр их баярлаж байна. Багийнхандаа маш их хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Би энэ улиралд 16 оноо, 5-6 самбараас бөмбөг авалт дунджилсан байх. Яг сайн мэдэхгүй байна.
Энэ улиралд би мэргэжлийн түвшинд хүрэхийг их хичээсэн. Өглөө бүр шидэлтийн бэлтгэл тогтмол хийн, өдөрт 1-2 бэлтгэл базаалаа. Дутуу зүйлүүд дээрээ эрчимтэй ажиллаж энэ зуныг өнгөрөөгөөд дараа жилийн лигт орно доо.
Манай баг энэ жил плэй-оффт зургаадугаар байраар шалгарч, “Тэнүүн Өлзий металл” багтай учраа таарсан. Тэдэнд 4:1-ээр хожигдон, энэ улирлаа өндөрлүүллээ.
Манай баг “Тэнүүн Өлзий металл”-аас довтолгооны хувь жаахан муутай, биеийн хүч арай сул байсан гэж дүгнэж байна.
Дараа жил ер нь л хүчтэй эргэж ирнэ. Энэ жил миний хувьд маш их зүйл сурсан, туршлага хуримтлуулсан, дутуу зүйл дээрээ ажиллах, бэлтгэл, сургуулилалтаа яаж хийх тал дээр суралцсан жил байлаа.
Би долдугаар ангиасаа хойш сагсан бөмбөгөөр хичээллэн, амьдралаа холбож явна. Энэ спортод үнэхээр хайртай, дуртай.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл маань сагсан бөмбөг тоглох. Тиймээс сагсан бөмбөгөөр өдөр бүр хичээллэн, бэлтгэлээ хийж байна.
Сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрлийн ялгаа нь, орон зайн мэдрэмж. 3х3-аар тоглож байгаад 5х5 руу орж ирэхэд мэдрэмжээ олох гэж нэлээд хугацаа шаардсан.
Би 2018 оноос хойш 3х3 төрлөөр тоглож байна. 3х3-ын оюутны Азийн аварга. Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Азийн элсний наадмын хүрэл медальтай. Өнгөрсөн жил дээд лигээс хүрэл медаль хүртсэн.
5х5 төрлийн Азийн аваргын шилдэг 16 багт багтан, Монголын шигшээтэйгээ оролцохыг зорьж байна. Эх орноо төлөөлөн, Монголдоо Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө өрсөлдөхөд хариуцлага их өндөр байлаа. Үлгэрлэж явдаг тамирчидтайгаа хамт нэг болж эх орныхоо төлөө өрсөлдөхдөө их зүйл сурлаа. Хамгийн их сурсан зүйл гэвэл, тууштай байдал.
Одоо би энэ зуныхаа зорилгыг харж явна. 3х3-ын “Сансар ММС” багт би орсон. Бэлтгэлээ сайн хийгээд, 3х3-ын тэмцээнүүдэд сайн оролцоно, олимпын эрх авахын төлөө зүтгэнэ” гэлээ.