Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Энэ улирлыг MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор эрэгтэй тамирчдаас Т.Санчир, эмэгтэйчүүд Б.Ариунцэцэг нар тодорч, шагналаа гардан авав.
Шилдэг зургаа дахь тоглогч: Д.Дөлгөөнмөрөн /М.Гарьд/
У.Содцэцэг /Эрдэнэт Майнерс/
Шилдэг шинэ тоглогч: Э.Тулга /Налайх Бизон/
Амжилт нь ахьсан тоглогч: Ч.Ихбаяр /Архангай Алтан Дорнодын дайчид/
Шилдэг хамгаалан тоглогч: Т.Мэндбаяр /Хасын Хүлэгүүд/
Т.Индра /М гарьд/
Шилдэг дасгалжуулагч: Д.Лхагваа /Улаанбаатар Амазонс, эмэгтэй баг/
Frankias Vasileios /Эрдэнэт Майнерс, эрэгтэй баг/
Шилдэг легионер тоглогч: Кристал Томас /ОТИС Шилүүснүүд/
Пендарвис Уиллиамс
Дээд лигийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн: Г.Нямдорж.
Т.САНЧИР: ЗУРГАА ДАХЬ УДААГАА УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО
/ОУХМ, “Эрдэнэт Майнерс” багийн тоглогч/
Яг 16 дахь улиралдаа лигт тоглож байна. Ахмад тоглогч болчихсон. Яг ийм үедээ улирлын үнэ цэнтэй тоглогч болсондоо маш их баяртай байна. Юуны өмнө энэ шагналыг авах боломж олгосон “Эрдэнэт Майнерс” багийн хамт олон, удирдлага, дасгалжуулагч, бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
2011, 2014, 2017, 2018, 2023 оны улирлын үнэ цэнтэй тоглогч. Үндэсний супер лигийг оруулбал зургаа дахь удаагаа үнэ цэнтэй тоглогч хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртэж буйдаа маш их баяртай байна.
Мэдээж манай баг өмнөх жил дээд лигт хоёрдугаар байрт орсон. Мэдээж түрүү жилийн алдаагаа давтахгүй, байраа ахиулж аварга болох зорилготой байна. Аваргын гэхээс илүү энэ, дараагийн цувралд, бүх тоглолтод фокуслан орж байгаа. Сагсан бөмбөгийн нэг үе бий боллоо гэж харж байна. Маш олон чадварлаг залуучууд байгаа. Залуу тоглогчдод хандаж “Бэлтгэл сургуулилалт, сахилга бат, бүх юман дээрээ чанд хатуу байгаарай. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй шүү, амжилт хүсье” гэж хэлье.
2025 оны Азийн аваргын эрхээ авахын төлөө шигшээ багийнхан бүгдээрээ хичээх болно гэж хэлмээр байна. Гол нь ойлголцол, бэлтгэлжилт сайтай байхад Азийн аваргын эрхээ авахад ойрхон гэж харж байгаа.
Б.АРИУНЦЭЦЭГ: УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ БОЛСОНДОО ОДОО Ч ӨӨРТӨӨ ИТГЭХГҮЙ БАЙНА
/“Улаанбаатар Амазонс” багийн тоглогч/
Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Одоо хүртэл өөртөө итгэхгүй байна. Сэтгэл цаанаасаа догдлоод, тайван байж чадахгүй байна. Шагнал авсандаа маш их, бүр үнэхээр их баярлаж байна. Багийнхандаа, Монголын сагсан бөмбөгийн холбоонд их баярлаж байна.
Цаашдын зорилго гэвэл, одоо илүү сайжраад, алдаан дээрээ төвлөрөөд, тоглолтоо сайжруулахын тулд хичээнэ.
Урд байсан том даваагаа даваад, аваргын төлөө гарч ирсэн. Үүндээ баяртай байна. Ес хожиж, нэг хожигдсоноор улирлыг тэргүүлсэндээ баяртай байна.
Оюутны лиг, дээд лиг хоёр өөр тэмцээн. Өөр ертөнц гэх юм уу. Мундаг, мундаг эгч нартайгаа нэг баг болоход, өрсөлдөхөд их урам зориг авдаг. Дутуу байгаа зүйлсээ эгч нараасаа суралцаж байгаа.
Голдуу угаасаа 3х3-аар тоглодог. Хажуугаар нь 5х5-аар тоглодог. 3х3-ын тэмцээнд оролцоод, Парисын олимпод өрсөлдөхийг хичээж байгаа.
Өдөр бүхэн өөрийгөө хөгжүүлж, дутуу зүйлээ, залалт юм уу, хийх чадахгүй байгаа зүйлсээ сайжруулаад, зорилгодоо хүрэхийг хичээнэ.
Улирлыг тоглолтуудад хичээсэн. Одоогийнхоосоо илүү их хичээгээд, аваргын төлөө бүр илүү өрсөлдөөнтэй болгоод тоглоно. Манай баг аварга болохыг маш их хүсэж байгаа. Өөрсдийнхөө хийх ёстой зүйлсээ хийгээд явчихбал асуудалгүй аварга болчих байх.
Т.МЭНДБАЯР: ХАМГААЛЖ, БУСАД АЖЛЫГ САЙН ХИЙГЭЭД ЛИГИЙН ШИЛДЭГ БОЛОХ БОЛОМЖТОЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ҮЛГЭРЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
/“Хасын Хүлэгүүд” багийн тоглогч/
Хамгаалагчийн байрлал дээр түлхүү тоглоод, оноо авахаас илүү бусад хар ажлыг хийгээд тоглодог. Энэ хичээл зүтгэлийг минь үнэлж энэ шагналыг олгосон Монголын сагсан бөмбөгийн холбоо, арын албаны багш, дасгалжуулагч, менежерүүддээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
Энэ шагналыг би маш их хүсэж байсан. Манай гэр бүлд төдийгүй надад маш их үнэ цэнтэй шагнал гэж бодож байна. Цаашид хамгаалагчийн байрлал дээр илүү сайн тоглоно. Оноо авдаг шилдэг тоглогч болж чадахгүй бол хамгаалж, бусад ажлыг сайн хийвэл лигийн шилдгүүдийн нэг болж чадна гэдгийг залуу тоглогчдод, хүүхдүүдэд үлгэрлэхийг хүсэж байна.
Би “Эрдэнэдрийлинг Төв ургац” багт тоглодог байсан. “Хасын хүлгүүд” багт Монголын шилдгүүдтэй хамт тоглож байгаа. Тэгэхээр оноо авахад толгой өвдөх шаардлага надад байхгүй. Зөвхөн хамгаалалтад би өөрийгөө зориулах ёстой. Багийнхаа дутуу юман дээр өөрийгөө нөхье гэж бодож тоглодог. Тэр нь хамгаалагчийн байрлал дээр сэтгэл амар тоглоход түлхэц болдог.
Хамгаалагчийн байрлалд тоглодог хамгаалагч хүний ганц давуу тал тэр л дээ. Довтлогчтой, бусад тоглогчтой бөмбөг булаалдана, байрлал давхцана гэж байхгүй. Зөвхөн багт дутуу юу байна тэрийг нөхөөд, багийн тоглолтыг сайжруулах түвшинд байдаг болохоор хамгаалагч тэр тал дээр их давуу талтай.
Би “Хасын хүлэгүүд” багт анх тоглохдоо нэлээд эмээж, айж байсан. ОУХМ 4-5 тоглогчтой, Монголын дээд лигийн хоёр шилдэг тоглогчтой ийм мундаг багт ороход “Би сэлгээнээс тоглох болов уу. Надад тоглох минут олдох болов уу” гэж айж байсан. Дасгалжуулагч Пүрэвдорж ах маань миний бусдаас арай онцгой чадварыг минь олж хараад, дутуу байгаа зүйлдээ нэмэр бол гэж дайчилсны үндсэн дээр би өнөөдөр “Хасын хүлэгүүд” багийн гарааны тоглогч болтол явж байгаадаа маш их баяртай байна.
У.СОДЦЭЦЭГ: 2023 ОНЫ ЗОРИЛГО МААНЬ ДЭЭД ЛИГТ ТҮРҮҮЛЭХ
/“Эрдэнэт Майнерс” багийн тоглогч/
Энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Энэ жилийн лигийн онцлог гэвэл, хамгийн түрүүнд зохион байгуулалтыг ярих ёстой байх. Үнэхээр үндэсний дээд лиг гэдэг нэртээ тохирохоор. Нэгдүгээрт заал. Хоёрдугаарт зохион байгуулалт. Гуравдугаарт оролцож буй тамирчид, легионерууд. Олон зүйлс дээд лигийг шинэ шатанд авчирлаа гэж харж байна.
2023 онд ойрын зорилго бол мэдээж дээд лигт түрүүлэх. Дээд лигт олон жил тогтвортой тоглож, цаашлаад 5х5-аар Монгол Улсынхаа нэрийн өмнөөс Азийн аваргад оролцох зорилго тавьсан байгаа.