Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон дөрвөн багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Зээлийг Төрийн банк, ХААН, Голомт банкуудаар дамжуулан олгожээ. Нийт 833 зээлдэгчид 76.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
ХААН банкаар дамжуулан олгосон зээлийн хамгийн өндөр дүн 2 тэрбум төгрөг, хамгийн бага нь 79 мянган төгрөг байжээ. Яагаад 79 мянган төгрөгийн зээл олгосныг УИХ-ын гишүүн Т.Доржханд онцолж, ийм бага хэмжээний зээл гаргахын тулд 2 тэрбум төгрөгтэй яг адил хэмжээний цаг зарцуулна гэсэн юм.
Тэрбээр, “ХААН банкаар дамжуулан олгосон зээлийн хамгийн өндөр дүнтэй нь хоёр тэрбум төгрөг бол хамгийн бага нь 79,000 төгрөг байгаа юм. Газар тариалангийн салбарыг дэмжих нь зөв л дөө. Гэхдээ 79,000 төгрөг чинь цалингийн зээлийн мөнгө биз дээ. Энэ хэмжээний мөнгийг Хөгжлийн Банк, арилжааны банкууд биш ББСБ-ууд өгдөг. Гэтэл Хөгжлийн Банкны эх үүсвэрээр санхүүжүүлээд дамжуулан зээлээр олгосон асуудал, тухайн зээлийг судлаад сууж байдаг банкийг санхүүч хүний хувьд ойлгохгүй байна" гэв.