Хөгжлийн Банкны гурав дахь шатны өнөөдрийн сонсголд "Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл"-ийн асуудлыг хэлэлцэж байна.
Уг зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшааг "Ховд хаан бирж" компанитай холбогдуулан гэрчээр дуудсан.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн компанийн төслийн хүрээнд барьсан гэх арьс шир боловсруулах үйлдвэрийн зургийг орон сууцтай адил харагдаж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодруулахад тэрбээр, "Би ч энэ зургийг ойлгохгүй байна. Хаанаасаа гаргаад ирсэн зураг вэ. Би энэ салбарын хүн биш л дээ. Сайн сайхан зүйл хийе гэж ороод баларсан хүн. Төрийн зүгээс бодлого, хөгжил ярьдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй, тэнд байдаг хүмүүс улс төрийн зорилгоор аливаа ажлыг гацаадаг жишээ нь энэ байгаа юм.
Цэвэрлэх байгууламжийн барилгыг барихын тулд 8 тэрбум төгрөгийг төр гаргасан ч одоо хүртэл барьж дуусгаагүй. Төр сайхан бодлого ярьдаг тэрийгээ хэрэгжүүлдэггүйн жишээ нь энэ. 2012 онд төсвийн мөнгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж авч байсан. Энд 8 тэрбум төгрөгийг төр гаргасан. Би улс төр ярихгүй. Би хохирлоо гэж гоншгонохгүй. Гэхдээ иргэнийхээ үүргийг биелүүлээд зээлээ төлсөн" гэв.