Бид энэ удаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Esaikhan” чихрийн цехийн эзэн С.Батсайхантай ярилцлаа. Энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүн нь биед хоргүй, эрүүл мэндэд тустай байдгаараа онцлог юм. Тодруулбал 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ аньс, аарц, чацаргана, кокос гэх мэт амин дэм, витаминаар баялаг хүнсээр хийдэг байна.
Тэрбээр энэ талаар ярихдаа, Манай үйлдвэр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цехэд эхнэрээс маань гадна өөр хоёр хүн ажилладаг. Дөрвүүлээ ажиллаж байгаа гэсэн үг. Өглөө чихрээ хийн, өдөр 11:00 гэж ирээд, орой 19:00-20:00 цаг хүртэл зардаг. Бүтээгдэхүүнээ гадаа зарах өвлийн улиралд л хэцүү. Бид өдөртөө 500-600 мянган төгрөгний орлоготой байдаг. Зөвхөн Спортын төв ордны урд байрлаж зардаг гэхэд энэ орлого бол чамлахааргүй зүйл. Ер нь байршлаасаа хамаараад тэр юм уу борлуулалт сайтай гэж бодож байна. Үнийн хувьд 1500 төгрөгнөөс дээш үнэтэй байгаа. Эцэг эхчүүд, хүүхдүүд их ирж авахаас гадна, зорьж ирдэг хүмүүс олон байдаг. Янз бүрийн бодис ороогүй биед хэрэгтэй зүйлүүд гээд хүмүүс их сайнаар хүлээж авдаг.
Манай байгууллагын зорилго бол жижигхэн ч гэсэн нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж, эерэг хандлагыг түгээх явдал. Чихэр идээд амин дэм, витаминаа нөхөх нь хүүхдүүд ч гэлтгүй том хүмүүст хүртэл тустай, хэрэгтэй зүйл. Авчирсан бүтээгдэхүүн маань өдөртөө дуусдаг. Үүнээс харахад хүмүүс эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх соёлд хэвшиж байгаа нь харагддаг" гэв.
Харин эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авагчид, амттай дээр нь үзэмжтэй, мөн эрүүл мэндэд тустай байдаг болохоор худалдан авах дуртайгаа хэлж байсан юм. Дийлэнх үйлчлүүлэгчид нь, зайрмагны амттай шоколадтай сүүтэй зөөлөн чихрийг сонгодог байна.
Учир нь энэ нь зайрмаг шиг хэрнээ хөлдүү биш. Хоолой өвтгөдөггүй нь таалагддаг тухайгаа хэлж байсан юм.
Д.МӨНХЗУЛ