Холлиудын хамгийн сэтгэл догдлуулсан, хүлээлт дүүрэн үдэш өчигдөр болж өнгөрлөө. Энэ үдшийн “од”-ууд нь Ази гаралтай жүжигчид, уран бүтээлчид байсан гэвэл буруудахгүй. A24 студийн “Everything Everywhere all at Once” кино нийт 11 номинацид нэр дэвшсэнээс долоон төрөлд ялалт байгуулсан юм.
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан жүжигчин Ки Хүй Куан тайзан дээрээс “Ээж ээ би Оскар авчихлаа. Би анх дүрвэгсдийн кэмп-д амьдарч байсан юм. Одоо харин би энэ тайзан дээр зогсож байна. Тэд иймэрхүү түүхийг кинон дээр л гардаг гэж ярьдаг. Үгүй ээ, мөрөөдөл биелдэг юм байна” гэж хэлэн, танхим дүүрэн зочдын сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Ки Хүй Куан энэ төрөлд 38 жилийн дараа шагнал авч буй Ази гаралтай жүжигчин болж байна. Жүжигчин эрийн намтрыг сонирхвол, тэрээр 1978 онд Вьетнамд Хятад гаралтай эцэг эхийн хүү болж мэндэлжээ. Тэрээр аав болон таван ах дүүгийн хамтаар Хонг Конг-д очиж, тэндээ дүрвэгсдийн кэмп-д хэсэг амьдарсан байна. Харин ээж нь өөр гурван ах дүүг нь аваад Малайз руу явж байжээ. Энэ гэр бүл 1979 онд эргээд уулзсан байдаг. Түүний жүжигчний карьер амжилттай эхэлж байж. Тэрээр дөнгөж 12 настайдаа алдарт жүжигчин Харрисон Фордын хамтаар “Indiana Jones and the temple of Doom” кино болон бусад хэд хэдэн кинонд тоглосон ч нас биед хүрэхэд нь энэ боломж тийм ч их олдсонгүй.
Учир нь Холлиудын кинонд Ази жүжигчний орон зай бага байсан байна. Ийнхүү уран бүтээлээсээ 20 гаруй жилийн хугацаанд завсарлага авчээ. Харин 2018 онд гарсан “Crazy Rich Asians” кино түүнд дахин итгэл төрүүлсэн талаар нээлттэй хэлж байсан байна. Тус кино нь Азиудын хангалуун амьдралын талаар өгүүлэх романтик, инээдмийн кино бөгөөд жүжигчдийн дийлэнх нь Ази гаралтай хүмүүс байсны нэг нь Мишель Йео билээ.
Мишель Йео-гийн хувьд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин гэсэн шагнал хүртсэнээрээ энэ төрөлд шагнал авч буй анхны Ази эмэгтэй болж, түүх бүтээсэн юм. Мишель Йео нь Малайз гаралтай Хонг Конг жүжигчин бөгөөд бүжиглэх авьяастай гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй.
1990-ээд оны адал явдалт, тулаант кинонууддаа орлон тоглогчгүй, өөрөө тоглодог байснаар нь дэлхий нийт түүнийг мэддэг болж эхэлсэн. Багадаа баллетын бүжигчин болох хүсэлтэй байсан тэрээр 1983 онд Малайзын гоо бүсгүйгээр шалгарч байсан ба People сэтгүүл түүнийг 1997 онд “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүн” гэсэн жагсаалтдаа оруулж байсан юм.
Тэрээр James Bond, Memoirs of Geisha зэрэг Холлиудын алдарт бүтээлүүдэд тоглож байсан туршлагатай. Гэсэн хэдий ч түүний 40 гаруй жилийн карьерын зам хатуу байсныг, Ази гаралтай байсан нь маш олон боломжийг нь хааж өгч байсныг оролцсон ярилцлагууддаа хуваалцаж байжээ. Мишель Йёо шагналаа авахдаа “Бүх охид, хөвгүүдэд хандан хэлэхэд, чиний боломжийг хэн нэгэн нураах вий гэхээс бүү ай. Үргэлж томоор мөрөөд” гэжээ. Ээлжит Оскарын үдшийн хамгийн онцлох хүмүүсийн нэг бол жүжичгин Брендан Фрэйзер. Жүжигчний карьераа эхлэхдээ буюу 1990-ээд онд “Mummy”-гаас авхуулаад олон кинонд тоглож, мандаж явсан түүний карьер нэг л өдөр сүйрсэн. Тэрээр тухайн үеийн Холлиудын нэгэн эрх мэдэлтэн өөрийг нь хүчирхийлэх гэж оролдсон талаар мэдээлснээс хойш Холлиудын хар жагсаалтад орсон юм. Ямар ч кино түүнийг тоглуулаагүй бөгөөд карьерынх нь гол он жилүүд ингэж өнгөрсөн байдаг. Харин найруулагч Даррен Аронофски түүнд ийн боломж олгож, “Whale” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг авсан нь кино ертөнцийн түүхэн “эргэн ирэлт” болсныг хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: VARIETY, EMPIRE ONLINE, DW