Лондон хотын хоёрдугаар бүсэд байрлах “Она’s сүши" ресторанд бидний ярилцлага өрнөсөн юм. Тэрээр энэ ресторанаа ажиллуулаад хоёр жилийн нүүр үзэж байгаа аж. Монголд Худалдаа хөгжлийн банканд 15 жил ажилласан санхүүгийн салбарын туршлагатай тэрээр Лэнд.мн санхүүгийн аппликэйшны бизнес моделийг зурж байжээ. Тэрээр менежментийн зөвлөх үйлчилгээний компаниараа дамжуулах олон бизнесүүдийг чиглүүлж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь салбарт одоо ч зөвлөхийн үүргээ Лондон хотоос гүйцэтгэсээр. Англи улсад өөрийн бизнесийг босгож, хөгжүүлээд, тодорхой түвшинд хүргээд цааш нь борлуулах моделийг өөрийн биеэр туршиж үзэхийн тулд сүши ресторан нээн ажиллуулж байгаа талаар бидэнд ярьсан юм.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Их сургуулиа хаана, ямар мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа хаанаас эхэлж байсан талаар нь ярилцлагаа эхэлье.
-Намайг Сүхбаатарын Оюун гэдэг. Би Улсын тэргүүний 28 дугаар сургуулийн математикийн сонгонг, гавъяат багш Д.Цэдэн-Ишийн ангид сурч, 1993 онд төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуульд орж, банкны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Манай оюутан үе, 1993-1997 оныхон, чадварлаг сайн төгсөгчид ихтэй.
ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС СОНГОГДОЖ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКАНД АЖИЛЛАХ БОЛСОН ТАВАН ОЮУТНЫ НЭГ БОЛЖ БАЙЛАА. БАНКАНДАА 15 ЖИЛ АЖИЛЛАЖ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ОЛОН ТАЛЫН ТУРШЛАГАТАЙ БОЛСОН
-Нөгөө алдартай анги уу?
– “Алтан өндөгнүүд” гэх яриа байна лээ. Манай анги Сангийн сайдтай, Санхүүгийн зохицуулах хорооны даргатай, арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлагуудтай, банк санхүүгийн салбарын манлайлагчид, анхны финтек модел нэвтрүүлэгчтэй гээд л чадварлаг, мундаг залуучууд ихтэй.
Яагаад ийм суурь сайтай төгссөн бэ гэвэл бид хоёр нийгмийн бүтээгдэхүүн. Социализмын үеийн зөв зарчимч хүмүүжилтэй, нийгмийнхээ төлөө гэсэн үзэлтэй залуус. Ардчилал гарч, нийгэм зах зээлийн эдийн засагт шилжихэд Засгийн газар хоорондын шугамаар барууны орнуудаас зөвлөх мэргэжилтнүүд ирж, бид багштайгаа зэрэгцэн суралцсан бас азтай үе.
-Анх ажилд орохдоо Санхүү бүртгэлийн газарт хуваарилагдаад, тэндээс Карт чекийн газарт дөрвөн жил хянагч нягтлан бодогчоор ажилласан. 2000-2001 онд би Дэлхийн банкны санхүүжилтээр арилжааны банкуудад нэвтрүүлэх банкны технологийн БАНКС системийн ажлын хэсэгт орсон. Энэ нь, банкны системийг бүхэлд нь харах боломж олгож, маш их туршлага болсон.
Үүний дараахан, Монголд гарсан алт-диллерийн дуулиант хэргээс сэргийлж, банк арилжаанд хяналт тавих нэгж байгуулах болсон. Тэгээд 2001 оны намар намайг АНУ-ын томоохон арилжааны групп болох AIG trading компанид дадлагажуулсан. Ирээд би яг л тэдний жишгээр Хөрөнгө зохицуулалт арилжааны арын алба байгуулж, захирлаар нь таван жил ажиллаад, 2007 онд Англид суралцахаар явсан.
2009 онд банкиндаа ирээд, тухайн үед нэн шаардлагатай болсон гэх үйл ажиллагааны эрсдэлийг удирдах нэгж байгуулан, олон улсын зарчимд нийцүүлэн мөнгө угаалт, эрх зүйн зохицуулалт эрсдэлийг давхар хариуцан, захирлаар нь гурван жил ажилласан. Тэр үедээ, системийн хэмэээнд эрсдэлийн мэдээллийн сан цуглуулах ажлыг санаачлан, Монголын банкны холбоогоор дамжуулж хэрэгжүүлсэн. Уг нь их эртнээс дата сонирхсон байгаа биз.
Ер нь банкиндаа Олон улсад шинэлэг гэх өөрчлөлтүүдийг тухайн цаг үед нь нэвтрүүлэхэд санаачлагатай оролцож, гайгүй банкир болох суурь тавигдсан байх.
Тухайн үед олон улсын арилжааны орлогоос банкны нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлж байсан гэдэг нь сонирхол татаад байх юм. Хэрхэн бүрдүүлж байсан гэсэн үг вэ?
-Банк сайн дилерүүдтэй, бас зөв бүтэцтэй байсных. Арилжааны нэгжээс тусдаа арилжааг баталгаажуулах, алдагдлыг хязгаарлаж мэдээлэх нэгж байгуулж, дериватив арилжаанд зах зээлийн бодит үнэлгээ хийх Олон улсын бүртгэлийн стандартыг нэвтрүүлсэн байсан.
Энэ нь эрсдэлийг бууруулж, ашиг олох таатай нөхцөлийг бүрдүүлсэн байх. Мөн үнэт металл, валютын арилжааны ашиг нь Монголд орж ирэх валютын урсгал, нөөц эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүн үзүүлсэн байх.
-Ажиллаж байхдаа Англид магистрт сурахаар явж байв уу?
2007-2009 онд The University of Sunderland-д бизнес удирдлагын мастерын зэрэг хамгаалсан. Манай мастерын удирдагч багш маш чадвартай, амбицтай залуу байсан. Биднийг Сhartered managment institute-н гишүүн болгож, мэргэшсэн менежерийн шалгалт өгүүлж байсан нь менежментийн зөвлөх болох суурь болсон.
Мөн миний хувьд, сайн засаглал, ногоон санхүүжилт ба хүлэмжийн хийг бууруулах Засгийн газар хоорондын арилжааны зах зээл сэдвээр мастерын ажлаа хийсэн. Энэ маань одоо ажиллаж байгаа Европын сэргээн босголтын банкны Байгаль орчны асуудлыг заавал авч үздэг зөвлөхийн ёс зүйг төлөвшүүлэхэд их нөлөөлсөн гэж боддог.
САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ЗОРИЛГООР ЛЭНД.МН -ИЙН БИЗНЕС МОДЕЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙЛАА
-2011 оноос Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлж. Зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бизнесүүдийнх нь нэг нь Лэнд.мн юм байна. Ямар чиглэлээр дагнан зөвлөдөг вэ?
– 2011 онд би Худалдаа хөгжлийн банкнаас гараад, манай гэр бүлийн хүн Л.Гэрэлт-Одын ББСБ-д Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай зөвшөөрөл нэмж аваад, зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Амжилт олохуйц санаа олсон бол сууриа зөв эхлүүлэхэд зөвлөх үйлчилгээ маш чухал. Үүний тод жишээ, Лэнд.мн эхлэлийн гараа, суурь нь сайн тавигдсан.
Монголын анхны финтек болох энэ Лэнд.мн -д зөвлөх ажил маань 2015 онд эхэлсэн. Ч.Анар, манай нөхрийн мото спортын найз, анх “Надад нэг ийм санаа байна. Би 100 сая төгрөг 100 хүнд зээлчихвэл буцааж авч чадах уу”, та Оюун эгчид хэлээд надад тус болооч хэмээн нөхөрт маань хэлсэн байсан.
Би Анартай уулзаад, “Чи чадна аа. Би чамд чаддаг болох, зээлсэн хүн буцааж төлөх санхүүгийн бизнес моделийг хийж өгч чадна” гэж шууд итгэлтэй хэлсэн. Энэ шийдвэр нь, залуус олон улсын хөгжил, тэсрэлтийн чиг хандлагыг дагаад, шинэ санаа олсон үед нь урам зориг өгч, дэмжих миний зөвлөх арга барилын нэг онцлог.
Ер нь зөвлөх үйлчилгээг үзүүлэхдээ, би нийгэмд хөгжил авч ирэх боломжийг давхар судалж, системийн хэмжээнд том зургаар нь харж, Монголын хөрсөнд бат суурьтай буулгах зарчмыг баримтлахыг хичээдэг.
Банкны мэргэжлийн хүний хувьд надад бас нэг хөдөлгөгч хүч байсан. Тэр үеийн финтек старт-ап бол дэлхий нийтээрээ шинэ ойлголт, би үнэхээр “финтек” модел хийж чадвал энэ нь банк санхүүгийн системийн хөгжлийг урагшлуулах хөшүүрэг гэж болно гэж бодсон. Учир нь, тухайн үед манай арилжааны банкуудын хөгжил зогсонги, зээл олголт хүнд сурталтай, шат дамжлага ихтэй байсан.
Иймд харилцагчдад дарамтгүй зээлийн системийн суурь бүтээх том зорилт тавьж, Монголд финтек хөгжүүлэх гарааг зоригтой эхэлсэн. Мөн финтек мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС, Мандах их сургуульд судалгаа, илтгэлээ танилцуулж байлаа.
-Та Лэнд.мн-нд хэдэн жил менежментийн зөвлөгөө өгч, хамтарч ажилласан бэ? Менежментийн зөвлөх үйлчилгээнд ямар ямар агуулгууд багтдаг вэ?
-2015-2019 он хүртэл зөвлөсөн. Би анхны финтек моделийг иргэд очиж үйлчлүүлдэг салбаргүй болгохын тулд нотариатын үйлчилгээнд тулгуурлах, дижитал болгохын тулд нэг удаагийн хэрэглээний шугаман зээлийн эрх нээх зэргээр банкны системд байгаагүй шинэ санаа их оруулж байсан. Одоогийн ихэнх аппликэйшнүүд бүгд л миний тэр санаан дээр тулгуурлаж, Лэнд.мн жишгээр хөгжүүлсэн байх шиг харагддаг. Одоо цааш улам сайн хөгжих хэрэгтэй. Арилжааны банк бас хөгжлийн дараагийн шатанд орох хэрэгтэй л дээ.
Лэнд.мн Ч.Анар, Болдбаатар, Отгонбаяр нар маань чадалтай залуус, бас сайн баг хамт олон бүрдүүлж чадсан. Апп систем, хувьцаа гаргах, стратегийн хөрөнгө оруулагч татах тал дээр тэд сайн ажилласан. Миний хувьд Англид Лэнд.мн-ийг оруулж ирэх судалгааг хийж, зөвшөөрлөө авсан боловч ковидын үе зэрэгцэж энэ ажлыг хойшлуулж байлаа. Гадаадаас хөрөнгө татах тал дээр одоо ч харилцаатай хэвээр байгаа.
НИЙГЭМД ТУХАЙН БИЗНЕС ЗӨВ СИСТЕМЭЭР ХӨГЖИХ МЕНЕЖМЕНТИЙГ ЗӨВЛӨХИЙГ ЗОРЬДОГ
Зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бусад компаниудаасаа ямар байхаас нь ямар болгосон жишээ дурьдвал?
-Би систем өөрчлөх, ирээдүй, хойч үед хэрэгтэй зүйл үлдээх, нийгмээ илүү сайн, сайхан болгох тал дээр ажиллах сонирхолтой. Шинэлэг, дэвшилтэт болон хөгжил харсан төслүүдтэй хамтарч ажиллах дуртай.
Сайн жишээ олон байх, онцолбол, манай Дүдү хүүхдийн шинжлэх ухааны музейн төсөл. Хүүхдийг тоглонгоо хөгжих боломж олгох санаанаас үүдэлтэй их гэгээлэг.
Мөн Мандах Их сургуульд үзүүлсэн Цахим стратеги хөгжлийн зөвлөх үйлчилгээ. Ирээдүйг урьдчилан таамагласан мэт цаг үеээ олсон төсөл болж байлаа. Яг 2019 оны арванхоёрдугаар сард тайлангаа хүлээлгэж өгөөд төслөө хаагаад, Англид буцаж ирэхэд хөл хорио эхэлсэн. Энэ төсөл ЕСБХБ-аас цар тахлын үед үр өгөөжтэй, амжилттай хэрэгжсэн зөвлөх үйлчилгээний төслөөр шалгарч байсан.
Цаашлаад, би хамтын зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх талаар их ярьдаг. Монголчууд хамтарч ажиллаж чаддаг болсон үед улс орон хөгжлийн дараагийн шатанд шилжих байх.
Хамтрах гэдэг нь ойлголцлоос гадна хэн хэндээ харилцан ашигтай, нийгэмдээ өгөөжтэй бизнесийн дүрмээ тохирч чаддаг болох, ажлаа зөв хуваарилж, хариуцсан үүргээ ухамсартай биелүүлэх зүйл.
Энэ чиглэлд, 2021 онд Сайн электроникс компанид ММЗИ хамтын зөвлөх үйлчилгээ үзүүлж, би Англиас онлайнаар анх Apple брэндийн албан ёсны борлуулагч болох үеийн бизнес моделийг нь хийж өгсөн. Бид багаараа Олон улсын “Зөвлөх үйлчилгээний шилдэг зөвлөх” гэдэг шагнал авсан, амжилттай.
БИЗНЕС САНААГАА ОЛСОН ҮЕЭСЭЭ ЗӨВЛӨХ АВАХ НЬ ЦАГ, МӨНГӨ ХЭМНЭДЭГ
-Одоо танаас жижиг дунд бизнесүүд санхүүжилт хэрхэн татах, бизнесийн загвар моделио хэрхэн зурах зэрэг менежементийн зөвлөгөө авъя гэвэл нээлттэй юү?
-Тийм ээ, нээлттэй. Зайнаас авах бүрэн боломжтой. Энд байгаа давуу тал нь хөгжлийн хурд, шинэ туршлага, бодит өөрчлөлтүүдийг орчинд нь мэдэрч, Монголын хөрсөнд тохируулж нэвтрүүлэх.
Миний хувьд НҮБ-ийн статустай Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөхөөс гадна, ММЗИ-н удирдах зөвлөлд байдаг. Мөн ЕСБХБ-ны Монгол дахь салбарт бүртгэлтэй зөвлөх. Тэдэнтэй тогтмол харилцаатай байдаг. Жишээ нь, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар арга хэмжээ зохион байгуулагдахад, би илтгэл тавьж оролцсон. Энэ үед ЕСБХБ-с зөвлөх үйлчилгээг 100% санхүүжүүлэх боломж олгож байсан. Манай бизнес эрхлэгчид ийм боломжийг алдахгүй байх хэрэгтэй.
-Монголд Жижиг, дунд бизнесүүд гоё санаа олоод, энэ бизнесийг хийж чадна гээд зоригтойгоор эхлүүлж 2-3 жил махран зүтгэснийхээ дараа л нээрээ бизнес модел, менежмент маань том зургаараа зөв байна уу, бид дараагийн шатандаа хэрхэн гарах билээ гэж бодох сөхөөтэй болдог юм шиг санагддаг. Менежментийн зөвлөх үйлчилгээг яагаад авах ёстой вэ? Хэзээнээс эхэлж аваад, ямар давтамжтай авах нь бизнесүүдэд хэрэгтэй вэ?
-Бизнес санаагаа олж, эхлүүлэх цагаасаа л зөвлөх авбал сууриа зөв тавьж, хурдан хөгжиж чадна.
Хүмүүсийн нэг дутагдал нь “Би өөрийн эзэмшсэн мэргэжилд тулгуурлан бизнесээ хийж байна. Би өөрөө хамгийн сайн мэднэ” гэж ойлгодог. Уг нь зөвлөхийн давуу тал нь, тухайн бизнесийг амжилттай хэрэгжүүлэх систем, загварчлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй арга техник, нийгмийг бүхэлд нь авч үзэх ёс зүй эзэмшсэн байдаг. Мэдээж үүн дээр тухайн зөвлөхийн туршлага, ур чадвар нэлээдгүй хувь нэмэр оруулна. Мөн өргөжүүлэлт, шинэчлэлт хийхэд зөвлөх авбал цаг, мөнгө хэмнэнэ. Зөвлөх давтамж нь тухайн бизнесийн цикл, хөгжлийн үе шатаас хамаарна.
ХҮНДРЭЛ, БЭРХШЭЭЛИЙГ НЬ ӨӨРӨӨ МЭДЭРЧ БАЙЖ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЛОНДОНД СҮШИ РЕСТОРАНАА НЭЭСЭН
-Англид яагаад ирэх болсон бэ?
-2019 онд финтек бизнес эрхлэж, Лэнд.мн-ийг Английн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор ирсэн. Англид санхүүгийн компаниа байгуулж, лиценз авах материалаа өөрөө бие даан бүрдүүлж, Санхүүгийн хяналт зохицуулалт эрх бүхий байгууллага (Financial Conduct Authority)-с төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Мөн стратегийн зөвлөх үйлчилгээний Англи франчайзыг Монголд нэвтрүүлэх мастер эрх, гэрээ хэлэлцээр амжилттай эхэлж байсан.
Цар тахал, хөл хорио тогтоосон нөхцөл нь нэг талаас цахим зөвлөх үйлчилгээ, финтек хөгжүүлэх алтан боломж байсан. Гэвч бүх зүйл цахим болоход луйврын эрсдэлүүд ихэссэн. Тиймээс нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болж, дэлхий нийтийг хамарсан хямрал төлөвлөгөөг маань зогсонги болгосон.
Тэр үедээ тусгай зөвшөөрөлдөө тулгуурлан, Монголд Лэнд.мн-тэй хамтран мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Англи дахь Монголчуудын сайн дурын тусламжийн аянд нэгдэж, цар тахлын үед шимтгэлгүй шилжүүлэг хийж, Монголчууддаа тусламж үзүүлж байсан.
-Монголд өөрийн ББСБ-тай байсан юм байна шүү дээ?
-2011-2019 он хүртэл өөрийн ББСБ амжилттай ажиллуулсан. Үйл ажиллагааг нь зогсоосон гэхээс илүү бизнесээ зарж, гарах стратеги амжилттай хэрэгжүүлсэн.
-Англид бизнесээ яагаад Сүши ресторанаар эхлүүлэв?
-Би 2001 оноос хойш Англид тогтмол ирж байсан. Энэ хугацаанд зах зээлийг нь хэрхэн өөрчлөгдөж байгааг, мөн энд байдаг Монголчуудын хөл хөдөлгөөн, ажил эрхлэлт зэргийг ажигладаг байсан. Тэдэн дунд бизнес эрхлэгчид маш цөөн.
Английн нэг давуу тал нь бизнес босгоод, түүнийг зарна гэсэн ойлголт түгээмэл. Энэ моделийг л хэрэгжүүлье гэж бодсон.Тэгээд зөвлөх үйлчилгээний бодит туршлага хуримтлуулахаар бусад төлбөртэй зөвлөх, лицензийн үйлчилгээ авалгүй бүгдийг өөрөө судалж, асуудал бэрхшээл, боломж нь ямар гэдгийг мэдье гэж бодсон.
Цар тахлын үед дөнгөж ашиглалтанд орсон барилгын хар ханатай объект авч, бүх зүйлийг тэгээс эхлэн, бизнес нээх хүртэл бүхий л ажлыг нөхрийнхөө хамт хийсэн.
Монголчууд дунд мундаг чадвартай тогооч их байдаг. Харин бичиг баримт боловсруулалт, зөвшөөрөл, гэрээ хэлцэл бол төвөгтэй асуудал. Нэгэнт бэлэн босгосон бизнест заавал Монгол гэлтгүй чадвартай тогоочид ороод ирвэл менежментийн талд нь хамтран амжилттай ажиллах боломж бий. Тэр үүднээс Сүши ресторанаа эхлүүлсэн.
-Одоо хэдэн хүн ажиллуулж байна вэ?
-Манайх одоогийн байдлаар нэг Англи, хоёр Монгол тогооч, оффисын нэг ажилтантай. Жижиг газар, байршлын хувьд зүүн Лондонгийн 2-р бүст, оршин суугчдын орчин тул менежментээ өөрөө гардан хийж байгаа.
ШИНЭ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭЭД, САЙН АЖИЛЛАЖ ЧАДВАЛ 2-3 ЖИЛИЙН ДАРАА ӨНДӨР АШИГТАЙГААР ЗАРАХ БОЛОМЖТОЙ
-Энэ бизнесийг менежментийн хувьд бизнес талаас нь босгоод, тодорхой хугацааны дараа тогтсон бизнес болсны дараа өөр шинэ бизнес эхлүүлэх төлөвлөгөөтэй байна уу?
– Мэдээж дараагийн бизнес эхлүүлэх төлөвлөгөө байгаа. Гэхдээ энд шинэ бизнесийг хэдий үед нь зарж болох, ямар үед зарж болохгүй вэ гэдэг бичигдээгүй хууль байдаг. Сайн ажиллаж чадвал 2-3 жилийн хугацаанд бизнес зарах боломж бүрдэнэ.
Английн жижиг бизнес эрхлэгчдийн тоо 5.5 сая. энэ нь нийт бизнесийн 99.2%-ийг эзэлдэг. Шинэ бизнес эрхлэгчдийн 20% нь эхний жилдээ, 60% нь эхний гурав дахь жилдээ хаагддаг гэсэн статистик байна. Энд бизнес эхлүүлээд, эхний гурван сардаа хүмүүст танигдаж тогтвортой болох, эхний зургаан сардаа цалингаа тавих чадвартай, тогтмол орлоготой болбол тэр бизнес цаашаа явна гэж үздэг.
-Та бүхний хувьд эхний зургаан сараа давсан байна. Энэ зургаан сарыг хэрхэн давсан бэ. Тогтмол үйлчлүүлэгч татахын тулд яаж ажиллав?
-Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг минь давуу тал болж байгаа байх.
Сүши ресторан бол харьцангуй эрүүл хооллолт хүсдэг, төлбөрийн чадвартай хүмүүсийн хооллох газар. Хямд хоолонд орохгүй. Иймд орчныхоо онцлог, үйлчлүүлэгчийн ялгарлыг олж харсанаар стратегиэ зөв тодорхойлж, зөв сегментийн харилцагчаа татахын тулд тохижилтоос эхлэн, брэнд бүтээх бүх зүйлд анхаарч ажилласан.
-Англид бизнес хийхийн давуу талыг юу гэж харсан бэ?
-Монголтой харьцуулахад бүх зүйл нь тодорхой байдаг. Анхнаасаа ийм зүйл нээнэ гэсэн бол ийм газруудтай харьцана, ийм бичиг баримт бүрдүүлнэ, өөрөө ийм чадвартай, тийм сургууль төгссөн сертификаттай байх, менежментийн төвшинд ийм мэдлэг, мэдээлэлтэй, дагаж мөрддөг байх ёстой гээд бүх заалт нь тодорхой байдаг.
-Бизнес хийх гэж байгаа хүн нь менежментийн тодорхой төвшний мэдлэгтэй байх ёстой гэдгээ хүртэл шаарддаг гэсэн үг үү?
-Тийм. Энд онцлог нь түвшин бүрт мэргэжлийн ур чадварыг нь тодорхойлж магадлан итгэмжлэгдсэн сертификат олгодог. Бас хийх гэж буй үйл ажиллагаа бүрт лиценз шаардлагатай. Жишээлэхэд, хамгийн энгийн архи согтууруулах ундаа зарах лиценз олгохдоо холбогдох хуулийн сургалтанд сууж, рестораныг зохион байгуулах, эргэн тойрны оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, гудамжныхаа аюулгүй байдал, дуу чимээ, иргэдийн тайван амьдрах нөхцлийг хангах гээд энэ бүхнийг сурч мэдээд, өөрөө хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гарган, ямар хуулийн заалтуудаар миний эрх хязгаарлагдах вэ гэдгийг хүртэл ойлгосон байх шаардлага тавина.
-Энэ олон лиценз, зөвшөөрлийг авахад хэр хугацаа шаардлагатай вэ?
– Багадаа 3-6 сарын хугацаа шаардлагатай, зарим нь 1 жил хүртэл хүлээж байна л гэдэг. Дутуу эсвэл буруу зөрүү байдаг л байх.
-Энэ зургаан сард зөвхөн бизнес хийх арга, стандарт хангаж, сургалтад хамрагдаж байж бизнес хийх зөвшөөрлөө авах хэрэгтэй болдог юм байна. Тэгэхээр энэ хугацаа нь “Би үүнийг яг хийх үү, үгүй юу” гэдгээ бодох, сэтгэл хөдлөлөө дарж, бодит нөхцөлтэйгээ нүүр тулах ч хугацаа болж өгөх нь байна?
-Тийм шүү. Бизнес эхлэхэд бүх үүрэг хариуцлага, бизнес орчны судалгаа, хууль эрх зүйн шаардлагууд, зардал эдийн засгийн тооцооллуудаа маш сайн хийх хэрэгтэй.
Энд байгаа хүмүүс ирж “Би тэнд бизнес авах гэж байна. Энийг түрээсэлчихвэл яах вэ” гэж асуудаг. Түрээсээс гадна бусад татвар, үйлчилгээний хураамж төлбөр, хуулийн зардал зэргээр бүх тооцооллыг нь хийж өгсөний дараа гэнэт “Өө ийм их мөнгө гарах юм уу, ийм их дүн хаанаас гарчихав аа” гэдэг. Энэ нь судалгаагаа дутуу хийж, сэтгэл хөдлөлөөр хандсан гэсэн үг. Ингэж огт болохгүй л дээ.
-Зарим орнуудад эхэлж байгаа бизнесүүдэд татварын хөнгөлөлт байдаг. Англид үүн шиг өөр давуу тал, боломжууд байдаг уу?
-Эхлэлийн үеийх гэсэн хөнгөлөлт байхгүй дээ. Капиталист нийгэмд чи бизнес эрхлэх гэж байгаа бол бүх төрлийн татвараа цаг тухайд нь, бүр урьдчилж төлөх л ёстой.
Харин бизнес татварт, жишээ нь рестораны зай талбай, суудлын тооноос хамаарч тодорхой хэмжээний хөнгөлөлт өгнө. Бизнес татвар нь орлогын татвараас өөр бас нэг төрлийн татвар. Монголд ийм төрлийн татвар байхгүй.
-Татвар нь шаталсан тогтолцоотой юм байна. Хэдэн хувиас эхэлдэг вэ?
– Компани бол корпорацийн татвар төлнө. 2023 оны 4-р сараас эхлэн ашиг нь £50000 хүртэл 19 хувь, £250000-с дээш 25 хувь, дундах нь тусгай тооцооллын дагуу төлөгдөхөөр өөрчлөгдөж байгаа. Өмнө нь шатлал байхгүй 19 хувь байсан. Үүн дээр бизнесийн татвар, мөн нэмэгдсэн өртөгийн 20 хувийн татвар байна. Мэдээж ажил олгогч бол компанид оногдох хувиар хүн амын орлогын татвар, нийгмийн даатгал, сайн дурын даатгалын сан зэргийг төлнө. Ер нь татвар их, хүнд шүү.
АНГЛИ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ 3-5 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ
–Сая цар тахлын дараа геополитикийн асуудал үүсэж, Европын орнуудад инфляц өсөж, санхүүгийн хямралууд нүүрлэж эхэлж байх үед та бизнесээ эхлүүлсэн байна. Энд инфляци, санхүү, эдийн засгийн байдал ямар байна вэ?
-Ер нь нэлээн хүнд байна. Англи улс сүүлийн хэдэн жил байгаагүйгээр инфляцын хямралд өртөж байна. Хэрэглээний үнийн индекс жилийн 10.1 хувь байгаа ч, бодит байдалд, жишээ нь манай нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн 40-60 хувь, зарим барааны үнэ нэг дахин өссөн байна. Эрчим хүчний үнэ бараг 3 дахин, суурь хүүг дагаад мортгэйж хүү 2-4 дахин өссөн. Харин цалингийн доод хэмжээ 2023 онд 9.6 орчим хувиар нэмэгдэж байгаа.
Английн Засгийн газар өрх гэр, жижиг бизнесүүдийг дэмжиж, цахилгааны үнийн өсөлтийн зөрүү олгож байна. Энэ нь хэрэглээний үнэ огцом өсөхөөс сэргийлж байгаа хэдий ч бусад дам нөлөөгөөр жижиг бизнес тэсэж гарахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
-Эдийн засгийн энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ таны харж байгаагаар?
– Хямралаар тогтвол, үргэлжлэх хугацаа 3-5 жил байх бол уу гэж харж байна. Одоо бол дөнгөж эхлэл нь. Английн төв банк инфляцийг 2 хувь хүртэл буулгах зорилго тавьсан хэдий ч 2023 онд дэлхийн эдийн засаг унах таамаглал өндөр байгаа. Тэгвэл зарим улс, хотууд сэргэтэл дахин 10-12 жил шаардагдах байх гэж шинжээчид таамаглаж байна лээ.
-Та Англид хэр хугацаанд суурьших вэ. Энд байх хугацаандаа энэ бизнесээсээ гадна энд байгаа монголчуудад бизнес хийхэд нь туслах төлөвлөгөө байна уу?
-Ямар ч байсан зөвлөхийн бизнесээ тогтворжуулж амжилтанд хүргэх зорилт байна. Мэдээж Монголчууддаа зөвлөж чиглүүлж туслах, Англид бизнес эрхлэх, Англиас Монголруу бизнес экспортлох, эсхүл хамтын ажиллагаа үүсгэх зэрэг төслүүдэд хамтран ажиллах төлөвлөгөөтэй. Сонирхсон бүх хүнд нээлттэй.
Зөвлөхийн хувьд, миний бас нэг зорилго бол академик түвшний мэдлэг олгох, мэргэжлийн зөвлөх бэлтгэх экосистемийг Монголд нэвтрүүлэх. Энэ тал дээр 2021 оноос хойш судалгаа хийж, 2022 онд Английн зөвлөхийн институтын Удирдах зөвлөлийн хуралд зочин төлөөлөгчөөр оролцсон нь ажлаа эрчимтэй эхлүүлэхэд нэмэр болсон.
Бидэнд цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.