Улаанбаатар хотод автобусны буудал бүр дээр ТҮЦ-үүд байрлаж, үйлчилгээ явуулдаг. Тэгвэл иргэд ТҮЦ-ийн ойр орчим дахь бохирдол хэрээс хэтэрч буйд бухимдаж байна.
Энэ талаар иргэд ярихдаа,
- Автобусны буудал дагуу байрладаг түцүүд үнэхээр заваан байдаг. Бас ширхгийн хоол унд их зардаг юм билээ. Ихэвчлэн бага сургуулийн хүүхдүүд орж харагддаг. Ийм орчноос хоол унд авч идэж байгаа хүүхдүүд эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байгаа. Цэвэрлэгээ хийдэг л гээд байдаг, үнэндээ цэвэрлэсэн юм харагддаггүй шүү дээ.
- Одоо CU, GS25, гээд түргэн үйлчилгээний олон газрууд нээгдээд байна. Эд нар үйлчилгээ сайтай, бас цэвэрхэн тохилог учраас хүнс нь хүртэл баталгаатай байдаг. ТҮЦ-ээс өөр цэвэрхэн газрууд зөндөө байна. Заавал үйлчлүүлэх шаардлагагүй.
- Хүйтний улиралд ТҮЦ-ийн ойр тойронд овоорсон хөлдсөн шээс арай л дэндүү. Энд шээгээд явж байгаа хүмүүс ч ухамсаргүй байна. Хамгийн хэцүү нь үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь арван жилийн хүүхэд, оюутан залуус байх юм. Эцэг эхчүүд хүүхдээ өдрийн хоолоо хаанаас, юу авч идэж байгааг сайн анхаарах хэрэгтэй байна даа.
Иргэдийн байр суурь дээр үндэслэн бид ТҮЦ-т ажиллаж буй худалдагчаас цэвэрлэгээгээ хэрхэн хийдэг талаар тодрууллаа.
Тэрбээр, "ТҮЦ-ийн эргэн тойронд байгаа хогоо бид нар өөрсдөө л цэвэрлэдэг. Шөнө оройд гадуур явж байгаа хүмүүс их замбараагүй. Бид нар өөрсдөө гараад шээгээд байдаг юм биш. Өвлийн улиралд их хэцүү. Согтуу хөлчүү хүмүүс их явна, янз бүр болно. Тэр болгоныг хараад чи тэглээ, ингэлээ гээд байх боломжгүй. Хөлдсөн шээсийг халуун ус асгах, юмаар зохих гээд олон аргаар л цэвэрлэдэг" гэлээ.
Орчин цагт хүн бүхэн цэвэрхэн таатай орчноор үйлчлүүлэхийг хүсдэг болсон. Түц нь 1990 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт шинэчлэл хийсэн зүйл байхгүй, байгаад бухимдах иргэд олон байна.