
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол өрсөлдөөн ихтэй байсныг юун түрүүнд онцолъё. Кино сонирхогч, шүүмжлэгчдийн таамаглаж байснаар “Everything Everywhere all at once” энэ жилийн наадмыг давамгайллаа.
Тодруулбал, тус киноны жүжигчид болох Кэ Хүе Куан болон Жэйми Ли Куртис нар шилдэг туслах дүрүүдийн шагналыг наадам эхэлмэгц авсан байна. Кэ Хүе Куан шагналаа тайзан дээрээс авахдаа “Ээж ээ, би дөнгөж сая Оскарын шагнал авчихлаа. Иймэрхүү түүхүүд зөвхөн кинон дээр гардаг шүү дээ. Надад яг одоо ийм зүйл тохиолдож байгаад итгэж чадахгүй нь” гэж сэтгэл хөдлөл дүүрэн хэлж, танхим дүүрэн зочдын хайр хүндэтгэлийг хүлээлээ.
Харин Малайз гаралтай жүжигчин Мишель Ёо шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авснаар тус шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэй болж, түүх бүтээлээ. Тэрээр шагнал авах үеэрээ “Яг одоо үзэж байгаа охид, хөвгүүдэд хандаж хэлэхэд: Хэн ч чиний хүсэл зоригийг мохоож чадахгүй гэж хэлжээ. Түүний хувьд анх Холлиудад хөл тавихад Ази гаралтай жүжигчин байсан нь хэр их саад бэрхшээл учруулж байсныг өмнөх ярилцлагууд дээрээ ч дурдаж байсан юм. Тус кино нь энэ жилийн наадамд нийт 11 номинацид нэр дэвшиж, ийнхүү шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг кино, шилдэг эх зохиол, шилдэг эвлүүлэг зэрэг төрлүүдэд ялалт байгууллаа.
Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Халим” киногоороо жүжигчин Брандон Фрэйзер хүртлээ. Түүний хувьд олон жил Холлиудтай маргаантай явж, кинонд тоглох эрхээ боомилуулж ирсний эцэст энэ киногоороо эргэн ирсэн юм. Түүний ялалтыг Холлиудын шударга бус бүхний хариу болсон, жинхэнэ авьяас билгийн ялалт байлаа гэж хэвлэлүүд онцолж байна. Тэрээр ид карьер нь өсөж байх үед Холлиудын нэгэн эрх мэдэлтний хүчирхийлэлд өртөж, үүнийг мэдээлэх гэснээсээ болж карьер нь арваад жилийн хугацаанд саатаад байсан билээ.
SOURCE: THE GUARDIAN, BBC, VARIETY