Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад орчны бохирдол хэрээс хэтэрч, хөрсний бохирдлын 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн талаар БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх хэллээ.
Тэрбээр, “Гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нянгийн бохирдол ихтэй гарсан байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-аас албан даалгавар гаргасан. Монгол Улсын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ. Иймд энэ асуудлыг УОК-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.
Түүнчлэн,
- Гандантэгчэнлин хийдэд албан даалгавар өнөөдөр хүргүүллээ. Соёлын яаманд соёлын өвийг угааж цэвэрлэхтэй холбоотой их цэвэрлэгээний ажил зохион байгуулах албан бичиг хүргүүлнэ.
- Дарханы замын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх БОАЖ-ын сайдын албан даалгавар гарсныг холбогдох ААН-үүдэд хүргүүлсэн. Хатуу хучилттай авто зам барьж байгуулах нь онцгой ач холбогдолтой нь үнэн. Гэвч нөхөн сэргээлгүй өнөөдрийг хүрсэн.
- 2023 онд найман их цэвэрлэгээ хийнэ. Мөн эзэнгүй нохой, муур ихэссэн. Тэдгээрийн тоог цөөрүүлэх албан даалгавар гарсан. Мөн ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах, тэр дундаа аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээ явуулж байгаа ААН-үүдийн нүхэн жорлонг татан буулгаж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход онцгой анхаарч ажиллаж байна” гэв.
Мөн БОАЖЯ-наас иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд хариу тайлбар өглөө. Энэ талаар БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:
- МХЕГ татан буугдсан. Чиг үүрэг нь харьяа яамдуудад харьяалагдаж байгаа. Байгаль орчны хүрээнд дунд эрсдэлтэй үнэлэгдэж байгаа 949 объектод хяналт хийхээр төлөвлөгөө батлуулсан. Тэгэхээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Мөн төлөвлөгөөт бус хяналтыг хийж байгаа. Он гарснаас хойш нийт 85 өргөдөл хүлээн авснаас 64-ийг шийдвэрлэсэн. Таван байгууллагын өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд буцаан шилжүүлсэн.
- Агаарын чанарын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа.
- Хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
- Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай бүтээгдэхүүний хог, хаягдлын асуудал маш тулгамдаж байна.