Электрон тамхины хэрэглээ хамар, хоолойн өвчлөлийн шалтгаан болж буй талаар ЭМЖЖ эмнэлгийн чих хамар хоолойн эмч Я.Саруулзул хэлж байна. Мөн тэр, нийт иргэдийн 50-60 хувь нь тамхи болон агаарын бохирдол гэх мэт бусад шалтгаанаас үүдэн чих хамар хоолойн өвчлөлтэй болж буй талаар ярилаа.
Тэрбээр, “Хавар болж, дулаан орох үед чих хамар хоолойн өвчлөлүүд сэдрэх нь бий. Хамар нь агаар, гадаад орчинтой шууд харьцаж байдаг эрхтнүүд учраас бохирдлоос үүдэн гайморит тэргүүтэй өвчлөлүүд бий болдог. Хоёрдугаарт тамхины хэт их хэрэглээ үүнд нөлөөлж байгаа. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд ихсэж байгаа нь том асуудал болоод байна.
Хамрын зовуурь өвчлөлөө үл анзааран хүмүүс цацлага, эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэх болсон. Удаан хугацаагаар дур мэдэн хамрын цацлага хэрэглэснээр хамар битүүрэх гэх мэт зовуурь нэмэгдэнэ. Учир нь хамрын цацлага нь хүний хамрын салстыг хэт их хуурайшуулж, самалдгийг агшааж байдаг.
Улмаар залгиурын архаг үрэвсэлтэй болдог. Үүнийг буцааж нөхөн сэргээхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй болно. Тэгэхээр аль болох эмчид үзүүлж байгаад эмчилгээ зөвлөгөө авбал сайн. Хамраар дутуу амьсгалаад байвал хүчилтөрөгчийн дутагдалд орж, толгой өвдөх өвдөлтүүд мөн архагшиж болно. Тэгэхээр дур мэдэж эмчилгээ хийх гэхээсээ илүү мэргэжлийн эмчид хандаад өөрт тохирсон зөвлөгөө мэдээлэл авах нь зөв” гэлээ.
Р.Цэцэгбаяр