Найман жилийн өмнө Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчид “цагаан арьстнуудын давамгайллыг харуулж байна” гэсэн шалтгаанаар ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм.
#OscarSoWhite буюу “Цагаан арьстнуудаар дүүрэн Оскар” гэх үг тухайн үед цахим сүлжээнд ихээр тархаж, хар арьстай жүжигчдийн авьяас билгийг үл хайхарсан гэх шалтгаанаар тус наадмын нэр хүнд багагүй унасан. Энэ жил Everything, everywhere all at once болон Black Panther: Wakanda Forever зэрэг кинонууд хар арьст болон ази жүжигчдийг төлөөлж буйгаараа онцлог болж байна. Харин 2015 оны Оскарын наадамд нийт 20 жүжигчин нэр дэвшсэн ба бүгд цагаан арьстай байсан нь ийн Кино урлагийн академийг “муу нэр” зүүхэд хүргэсэн байдаг.
#OscarSoWhite хөдөлгөөнөөс хойш найман жилийн дараа буюу саяхан хийсэн судалгаагаар Оскарын шагналд нэр дэвшигч жүжигчдийн дунд эзлэх цөөнхийн тоо 17 хувиар өсжээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн дэргэдэх тинк танкаас энэхүү судалгааг хийсэн ба уг судалгааны багийн удирдагч энэ талаар “Энэ тоо ихэссэн нь сайн хэрэг. Бид энтертайнмент салбарт ийм ахиц тийм ч их харахгүй шүү” гэсэн байна.
Энэ жилийн наадмын хувьд нийт 20 жүжигчин нэр дэвшиж байгаагаас зургаа нь хар арьст эсвэл ази гаралтай жүжигчид байгаа юм. Нөгөөтэйгүүр, энэ үзлийг эсэргүүцдэг шүүмжлэгчид цөөнгүй бий. Тэд юм бүхэнд арьс өнгөөр ялгаварлах үзэл ярих утгагүй, хүн бүрийг заавал багтаах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлдэг юм.
SOURCE: BBC