Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдсан байна.
Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурчээ.
Мөн Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн юм.
Цаг агаарын энэхүү онц аюултай үзэгдлийн улмаас Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ(ЦДҮС) ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ын Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан. Иймд ЦДҮС ТӨХК-ийн засварын бригад Улаанбаатар хотоос очиж ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.