Өсвөр насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ ихсэж янжуур тамхинаас гадна электрон тамхи давхар хэрэглэн эрүүл мэндээ хохироож байна.
НЭМҮТ-өөс 2022 оны арван нэгдүгээр сард гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Үүнээс 49.1 хувь нь эрэгтэй, 5.3 хувийг эмэгтэй эзэлдэг бол өсвөр насныхны 63.1 хувь буюу таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж үзсэн гэх судалгаа бий. Гэтэл өнөөдөр насанд хүрээгүй хүүхдийн тамхины хэрэглээ хяналтаас гарч өсвөр насныхан дэлгүүрээс тамхийг чихэр шиг худалдан авах болжээ. Өөрөөр хэлбэл, Монголыг хөгжингүй орнуудтай харьцуулбал иргэдийн тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэж үзэж болно. Улс хөгжихийн хажуугаар тамхины шинэчлэл, олон төрөл гарч үүнд хэрэглэгчид ч өдөрт хэдэн арваараа “хошуурцгааж” байгаа юм.
ХҮҮХДЭД ТАМХИ БОРЛУУЛАХЫН ЭСРЭГ ХЯНАЛТ МОНГОЛД АЛГА
Тэгвэл хууль бодит амьдрал дээр хэр хэрэгжиж байна вэ. Хүүхэд тамхи худалдаж авах гээд очиход “Насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй” гээд буцааж байна уу. Эсвэл “Тамхиа борлуулж л байвал хамаагүй” гэж тоомжиргүй хандаж байна уу. Бид үүнийг сурвалжлахаар “Blue mon center"-ын урд байрлах тамхины цэг дээр очлоо.
Цайны цагийг тааруулан тэнд очиход ойр хавийн сургуулийн оюутнууд бололтой хэсэг залуус тамхилж харагдана. Насанд хүрээгүй гэхээр хүн байсангүй. Төд удалгүй 19 орчим насны хоёр залуу ирээд гал хайн дэмий л хоёр биеэсээ асуун эргэн тойрноо харж зогсоно. Тэднээс тамхи татдаг эсэх, хэзээнээс хэрэглэж эхэлсэн, өдрийн хэрэгцээний талаар нь тодруулахад “Татаж эхлээд нэлээд удаж байгаа. Тийм болоод ч тэр үү, татахгүй л бол тайван сууж чаддаггүй. Анхаарал төвлөрөхгүй байгаа юм шиг тухгүй байдаг. Ер нь өдөрт нэг хайрцгийг дуусгачихдаг. Гэхдээ сүүлийн үед багасгах гэж оролдож байгаа.
Ер нь гадуур явахдаа вэйп хэрэглэдэг болсон. Миний хувьд энгийн тамхинаас амт үнэр, харагдах байдлаараа электрон тамхи нь гоё байдаг” гэлээ.
Ж.ГАНТУЛГА: ЯНЖУУРААС ГАРАХ АРГА НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ГЭЖ ХҮМҮҮС АНДУУРДАГ
Эл жишээнээс харахад манай улсад янжуур тамхины хэрэглээ электрон тамхи руу шилжиж байгаа гэж харж болно. Учир нь иргэд энгийн тамхинаас гарах арга замыг электрон тамхи гэж буруу ойлгоод байдаг. Энэ талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга "Электрон тамхи бол утаат тамхийг шинэчилсэн нэг хэлбэр юм. Тамхины худалдаа өөрөө өндөр ашиг олдог зах зээл. Тиймээс вэйпийг тамхинаас гарахад туслахаас гадна хор хөнөөл багатай гэх мессежийг иргэдэд далдуур өгөөд байдаг. Янжуур тамхинаас ялгаатай, олон төрлийн үнэр амттай болоод ирэхээр хүмүүс тамхи гэж ойлгодоггүй.
Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг. Магадгүй янжуур тамхинаас ч илүү хор хөнөөлтэй байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр электрон тамхийг бид хэрэглээд удаагүй, үүний хяналтгүй хэрэглээ ирээдүйд ямар үр дүнд хүргэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Сүүлд гэхэд уушги цоорох гэх мэт эдгэшгүй өөрчлөлт захаасаа шинжилгээгээр гарч ирж байгаа юм. Тэгэхээр электрон тамхины аль алинд нь анхаарал хандуулахгүй бол тамхины тахал манай улсад нүүрлэх боломж бий болж байна" гэв.
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД Ч ХЯНАЛТ АЛГА
Бид цааш явж, ерөнхий боловсролын сургуультай ойр байрлах сүлжээ дэлгүүрээр сурвалжилгаа үргэлжлүүллээ. Тийш орж харвал олон өнгө, төрөл бүрийн тамхи, шингэн өрөөстэй харагдана. Тухайн газар 30 минут ажиглалт хийж зогсох үед гол худалдан авагчид нь залуучуудаас илүү хүүхдүүд байв. Тухайн дэлгүүрийн худалдагч “ Оюутан залуус электрон тамхины шингэн их худалдаж авдаг. Янз бүрийн амт үнэртэй болохоор их хэрэглэдэг байх. Манайх вэйпний шингэнийг л 6000 төгрөгөөр худалдаалдаг. Харин энгийн тамхины үнэ 3000-с дээш үнэтэй. Бид 21-ээс дээш насныханд л зардаг, хүүхдэд огт худалдаалдаггүй" гэв.
Кино үйлдвэрийн автобусны буудалд байрлах ТҮЦ-ээр ороход 16 орчим насны ЕБС-ийн дүрэмт хувцастай хэдэн хүүхэд тамхи аван зөрлөө. Хаалгаар орон тус газрын эргэн тойрныг харвал тамхи зарж байгаа гэх зүйл байсангүй.
ХУДАЛДАГЧ: ТАМХИ ЗАРАХДАА НАСАНД ХҮРСЭН ЭСЭХИЙГ НЬ АСУУДАГГҮЙ
Худалдагчаас тамхи барин зөрж гарсан хүүхдүүдийн талаар асуухад "Манайх энгийн тамхи л зардаг. 3000 төгрөгөөс дээш үнэтэй. Ихэвчлэн насанд хүрсэн хүн авдаг. Заримдаа хүүхдүүд орж ирээд ширхгээр авдаг. Ганцхан манайх нууцаар худалдаалдаггүй. Өөр олон бий. Миний хувьд насанд хүрсэн эсэхийг нь тодруулж асуудаггүй" хэмээлээ.
Үүнд СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга " Энэ бол аль аль талдаа анхаарах асуудал. Насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарж, хуулийн эсрэг ашиг олж байгаа хүмүүс нэг талаараа ухамсаргүй байна" гэлээ.
СУРГУУЛИЙН ОРЧИНД ТАМХИ ХУДАЛДСАН ИРГЭНИЙГ 50.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ
Тамхины тухай хуулийн 6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр худалдуулах
6.7.14. Ерөнхий боловсролын сургуулийн болон хичээлийн дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах хориотой зэрэг заалт бий.
Мөн тухайн хууль зөрчсөн иргэнийг 50 мянга, албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг хураах юм. Гэхдээ энэ хууль амьдрал дээр хэрэгжиж, аж ахуй нэгжүүд дагаж мөрдөхгүй байгаатай бид өдөр тутамдаа таардаг.
“МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ НАСЛАЛТ БАГА БАЙГАА НЬ ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ”
Мөн тэрээр "Хэдий бага наснаасаа тамхинд орно, тэр хэрээр амархан донтдог. Сүүлийн жилүүдэд хавдрын насжилт залуужиж байгаа. Үүнд тамхины хор нөлөө хамаарах бүрэн боломжтой. Тамхийг бага татвал хор хөнөөлгүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж ойлгож болохгүй. Тамхи татдаг хүмүүсийн тал хувь нь уушгины хорт хавдар, зүрх судасны эмгэг зэрэг өвчнөөр нас бардаг гэх судалгаа бий.
Д.Мөнхзул