Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн, хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй байгаа юм.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ.
Мөн ГССҮТ-өөс тодруулахад “ХЭМҮТ-ийн эмч нартай хамтраад нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээнүүдийг хийлээ. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй гэсэн онош нэмж тодорч байна. Ер нь, хүүхдийн хувь заяа хэрхэхийг хэлэхэд бэрх, биеийн байдал нь маш хүнд, амьсгал зүрх судасны дэмжлэгтэй байна” гэсэн.
Хуулийн байгууллагаас хүүг зодсон Э-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахаар боллоо. Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.
11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Мөн өчигдөр ГССҮТ-өөс "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" хэмээн мэдээлэл өгсөн билээ.