Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд сайд Б.Батцэцэг Узбекистаны Тээврийн сайд И.Махкамовтой уулзалт хийлээ.
Тодруулбал, Сайд Б.Батцэцэг манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэсэн байна.
Мөн Узбекистан Улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд тээврийн саад тотгорыг даван туулах талаар харилцан туршлага солилцох талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Талууд хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэнийг дурдаад цаашид Агаарын харилцааны тухай болон Авто тээврийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх төдийгүй иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжихэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг санал нэгтэй тэмдэглэжээ.