Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Уг саналыг 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих …" гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлогын эх үүсвэрээ хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Мөнгө угаах/
- 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.