Хойд эцэгтээ зодуулсны улмаас ухаангүй байгаа хүүгийн биеийн байдал, гэмтэл бэртлийн талаар ГССҮТ-өөс мэдээллэл өглөө. ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа “Хүүхдийн биеийн байдал маш хүнд байна. Хавсарсан гэмтэлтэй. Зөөлөн эдийн няцрал, сээр нурууны гуравдугаар нугаламын их биеийн болон баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй байна. Хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын аппаратанд оруулаад өнөөдөр хоёр дахь өдрийн эмчилгээгээ хийж байна.Хамгийн сүүлд бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтраад нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээнүүдийг хийлээ. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй гэсэн онош нэмж тодорч байна. Ер нь, хүүхдийн хувь заяа хэрхэхийг хэлэхэд бэрх, биеийн байдал нь маш хүнд, амьсгал зүрх судасны дэмжлэгтэй байна” гэлээ. Мөн “Харамсалтай хэргүүд гарсаар байна. Ард иргэд хөршийн холбоо, хараа хяналтаа сайжруулаасай. Болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаасай. Мөн хороо дүүрэг эмзэг бүлгийн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулаасай гэдгийг хэлмээр байна. Үнэхээр сэтгэл эмзэглэж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.