Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 3 дугаар сарын 8-ны өдөр Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийв.
Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид Узбекистан Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх болон Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв. Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгуулах, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах саналыг дэвшүүлэв.
Мөн далайд гарцгүй орнуудын хувьд хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах, хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Узбекистан Улстай 2022 оны 6 дугаар сараас хэрэгжиж буй харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар тохиролцов.
Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болов.
Мөн Монгол Улсаас Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан байгуулах, Элчин сайдын яам нээх тодорхой нөхцлийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажиллагааг 2023-2024 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.
Талууд Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдааныг 2023 онд багтаан зохион байгуулах, хоёр улсад зохион байгуулах үзэсгэлэн, яармаг, Бизнесийн Форумд хоёр орны бизнес, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулахаар тогтов.
Түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллах, манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын тогтмолжуулж, залуу дипломатчдыг солилцох, Узбекистаны Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Академид гадаад хэлний чиглэлээрх сургалтад манай дипломат ажилтнуудыг хамруулахаар тогтов.
Энэхүү айлчлал нь 1992 онд Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал болж буй юм.