Богд Монголын шашин, улс төр, оюун санааны хамгийн нөлөө бүхий хүн байсаар ирсэн. Монголын түүх, уналт босолтын үеийн олон, олон үйл явдлаас үүнийг бэлхнээ харж болно. Тэр хэрээр X Богд Монголоос тодрох эсэх олны анхаарлыг маш их татсаар ирсэн. Энэ талаарх албан бус мэдээлэл тарж, амнаас ам дамжаад удаж буй.
Тэгвэл өчигдөр Далай ламын авшиг хүртээх хуралд Монголоос тодорсон X богд сууж, олны өмнө анх удаа ил гарлаа. Тухайн хүүхдийг УИХ-ын гишүүн Гарамжавын зээ, “Шарк” Э.Мөнхнасангийн хүү гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Ер нь Богд Монголоос тодрох хэрэгтэй юу. Шинжлэх ухаан хөгжсөн, өнөө цагт X Богд манай улсаас тодорсноор Монголын улс төр, монголчуудын оюун санаанд хэрхэн нөлөөлөх вэ.
“Өрөг.мн” сайтын ерөнхий эрхлэгч У.Болортуяа 2017 онд “X Богд бидэнд хэрэгтэй юү” нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Тухайн нэвтрүүлэгт оролцсон зочид X Богд Монголоос тодрох хэрэгтэй эсэх талаар ингэж ярьж байв.
Д.ЧОЙЖАМЦ: ШАШИН ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХЫН ТОМ БАТАЛГАА БОЛДОГ
/Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам/
Шашин тогтвортой байна гэдэг бол төр тогтвортой байхын том баталгаа байдаг. Шашин үймрээд эхлэхээр төр заавал үймэрдэг. Учир нь шашны сүсэгтэн, төрийн иргэд хоёр ижилхэн, яг нэг учраас.
Н.ЖАНЦАННОРОВ: ӨНӨӨГИЙН МОНГОЛД БОГД ШИГ БОГД ХЭРЭГТЭЙ БОЛЧИХЛОО
/Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт/
Тэгэхээр Богд тодруулна гэдэг бол “Түүгээр, тэдний хүүхдээр тодруулчих юм сан” гэдэг зүйл биш. Мэргэдийн оюун шүүлтүүрээр орсон тийм бодгаль. Адуун дундаас нэгийг нь бариад авдаг морь биш. Богд бол бидний ижил нэг хүнийг “За, чи хойморт суу” гээд залчихаж байгаа хэрэг огт биш. Заяагдмал оюун санааны хошуучлагч хүн. Тиймээс Монголын бурхны шашинд Богд гарцаагүй хэрэгтэй.
Одоо монголчуудад мөнгө олъё гэвэл мөнгө байна, хүссэн үедээ гадагшаа явж, юуг л бол юуг хийх боломж байна. Бүх юм байна. Одоо бидэнд сэтгэлийн жолоо, цулбуур хэрэгтэй. Тэгэхээр тэр сэтгэлийн татах жолоо, хөтлөх цулбуур хоёр шашинтай холбоотой.
Орчин цагт, яг одоо Богд шиг Богд Монгол Улсад хэрэгтэй болчихлоо гэж харж байна. Өмнөх есөн богдоос тэс өөр түвшний богд. Монголчууд одоо өөрөө өөрийнхөө эзэн болох тийм цаг үетэй тулгарсан.
Ц.ХУЛАН: ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭГ ТОГТООН БАРЬДАГ НОМЫН БАГШ БИДЭНД ХЭРЭГТЭЙ
/“Болор цом”-ын эзэн, яруу найрагч/
Хамгийн гол нь бидэнд ёс суртахууны хэм, хэмжээг тогтоон барьдаг тийм номын багш хэрэгтэй байгаа.
Наад захын нэг жишээ татъя. Би тоондоо муу хүн. Сая Далай багшийн Дүйнхорын ван боллоо. Монголоос 2000 хүн очсон гэсэн. Нэгийнх нь зардал дунджаар таван сая төгрөг. Тэгэхээр 2000 хүнийх хэдэн төгрөг болох вэ. Монгол Улс бурхан шашны төв байх ёстой. Далай багш бол далай багш мөн. Гэхдээ эх оронгүй, хүний нутагт цагаачлаад сууж байгаа Далай лам дээр тэр их мөнгөний урсгал, өөрөөр хэлбэл сүсгийн үзүүрээ чиглүүлэх үү. Сүсгийн үзүүр хэрвээ Монголдоо, X Богд руу чиглэж байвал монгол туургатнууд, буддын шашинтай хүн бүхэн Монголд ирнэ.
Г.НЯМ-ОЧИР: МОНГОЛ ЦААШИД ОРШИН ТОГТНОХЫН ТУЛД X БОГД МАНАЙ УЛСААС ТОДРОХ ШААРДЛАГАТАЙ
/Түүхч, төвд судлаач/
Хувь хүний, монгол хүнийхээ хувьд өөрийнхөө саналыг хэлэхэд, өнөөдөр Япон улсын хар. Япон улс Эзэн хаантай юу Эзэн хаантай. Бурхны шашинтай юу бурхны шашинтай. Парламенттай юу парламенттай. Соёл, шинжлэх ухаанаар биднээс хол явсан уу гэвэл хол явсан. Монгол Улс цаашид оршин тогтнох ёстой л бол X богд манай улсаас тодрох шаардлагатай.
Д.ӨЛЗИЙБААТАР: БҮХНИЙГ НЭГТГЭДЭГ ЗҮЙЛ БОЛ ШАШИН
/Түүхч, Төрийн шагналт/
Монгол бол зөвхөн одоо бидний амьдарч буй газар нутаг биш шүү дээ. Монгол туургатан Цагаан хирмээс Байгаль нуурт хүрч байна. Хянганы нуруунаас Ил тарвагатай хүрсэн өргөн уудам нутагт монгол туургатнууд оршин амьдардаг. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэдэг гол зүйл бол өөрийнх нь шашин.
О.ЭРДЭНЭСАМБУУ: X БОГД МОНГОЛООС ТОДОРВОЛ МАНАЙ УЛС БУДДЫН МАШ ТОМ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛНО
/Шашин, дорно дахин судлаач/
Хүн ямар ч шашин шүтэж болно. Шүтэхгүй ч байж болно. Хүний өөрийн сонголт, эрхийнх нь асуудал. Гэхдээ буддын шашнаа зүгээр хөгжүүлэх ёстой. Буддын шашин тэргүүнтэй, лидертэй байх ёстой. Энэ лидер нь яах аргагүй богд мөн. Тиймээс X богд Монголд хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Богдын статус маш өндөр. X богд хэрвээ Монголоос тодорвол манай улс буддын маш том төлөөлөлтэй болно.