Өмнөд Солонгосын эмэгтэй ажилчид 2022 оны эхний хагаст эрэгтэй ажилчдынхаа цалингийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний цалин авч байсан тухай мэдээлэл гарчээ. Энэ хугацаанд эмэгтэй ажилчдын сарын дундаж цалин 2.2 сая вон (1600 ам.доллар) болсон нь эрэгтэй ажилчдын 3.39 сая вонтой харьцуулахад 65 хувьтай нь тэнцэж байна гэж Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбооны судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна.
2022 оны эхний хагаст Солонгост эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь бага цалинтай гэсэн ангилалд багтсан нь эрэгтэйчүүдийн 9.9 хувьтай харьцуулахад мөн л том ялгаа үүсгэж байгаа юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ажилласан дундаж жил 4,81 болж, эрэгтэйчүүдийнх 6,92 жил болсон байна. БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр эдгээр зөрүү нь ажилд авах явцад хүйсээр ялгаварлан гадуурхах хандлагын асуудлаас үүдэлтэй гэнэ. Уг судалгааг 11.8 сая эрэгтэй, 9.7 сая эмэгтэй зэрэг нийт 21.5 сая цалинтай ажилчдын нөхцөл байдал дээр үндэслэн гаргажээ.
Тодруулбал, эмэгтэй ажилчдын бараг гуравны хоёр нь оффисын ажилтан, асран хамгаалагч, кассчин, ариун цэврийн ажилтан, тогооч, нийгмийн ажилтан, үйлдвэрлэлийн ажилтан, сургуулийн багш, сувилагч зэрэг ажил эрхэлдэг байна.
Эх сурвалж: KOREA HERALD