Монголд мэндэлсэн 10 дугаар Богд анх удаа олны нүдэнд ил гарч, Далай ламын айлтгалд суусан тухай мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд анхаарал татлаа. Нэгэнтээ дээрхийн гэгээнтэн 14-р далай лам Монголд айлчлах үеэрээ “10 дугаар Богд Монголд мэндэлсэн. Нас балчир тул зарлахад эрт байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгвэл 10 дугаар богд нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ хүү юм байна.
10 ДУГААР БОГД МОНГОЛООС ТОДОРСНЫ ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛ ЮУ БАЙХ ВЭ?
10 дугаар богд Монголоос тодорсны дараах ач холбогдол хийгээд үр дагаврын талаар судлаачид болон сэтгүүлч нийтлэлчид байнга хөндөж ирсэн байдаг. Тухайлбал, сэтгүүлч, зохиолч Д.Цэнддоо өнгөрсөн оны 10 дугаар сард бичсэн “Байлдаангүй, хэрүүлгүй сонгууль: Хойд дүр” нийтлэлдээ “Монголд төрсөн Х Богдыг тодруулан ширээнд залснаар, нэгдүгээрт Өндөр гэгээнээс хойш тасалдсан Монгол цусны Богдын үе эхэлж байна. Хоёрдугаарт, XIX зуунаас хойш хоёр зуун жил Монголчуудын мөрөөдсөн, VIII Богд тэргүүтэй эх орончдын зорьсон шашны тусгаар тогтнолын тухай мөрөөдөл бодитой биеллээ олж байна. Ингэснээрээ бид Бээжингээс ч, Төвдөөс, Далай ламаас ч, Банчин Богдоос ч хамааралгүй Умар Зүгийн Буддизмтай болж байгаа юм. Бурхан багш Шагжаамуни Будда өөрөө “Миний шашин Умар зүгээс Умар зүгт дэлгэрэн оршино” хэмээн бошиглосон ч билээ. Улмаар, Монгол нутагт гэгээн хутагт нарыг тодруулах,шашны институцийн удирдлагыг нэгээс нөгөөд шилжүүлэх эрх бидний гарт ирэх юм. Нөгөө талаасаа, бид шинэ цаг үед амьдарч байгаа учраас шашны удирдагчийн өөрийнх нь болоод эцэг эхийн амьдрал олон нийтийн хяналтын дор байх нь дамжиггүй. Яг нарийндаа, Монголын Буддизмын тэргүүн нь эрх мэдэлтэн гэхээсээ илүү эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд, шулуухан хэлэхэд шашны зүтгэлтнүүд, хэдэн лам нар маань хэрүүл тэмцэлгүйгээр нэгэн тугийн дор амьдрахад л хэрэгтэй юм.
БНХАУ ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛД ДУРГҮЙЦЭЖ, УУЧЛАЛ ГУЙЛГАЖ БАЙВ
Дээрхийн гэгээн 14-р далай лам 2016 онд Монголд айлчлах үеэрээ хэвлэлийн бага хурал хийсэн нь олон нийтийг анхаарлыг татаж байв. Тухайн үед X Богд Жавзандамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсныг хэлэх боломжгүй гэж байв. Энэ үеэр БНХАУ далай ламын айлчлалыг эсэргүүцэж, удаа дараа анхааруулсаар байхад Монголд айлчиллаа хэмээн мэдэгдэл гаргаж байв. Улмаар олон улсын зарим хэвлэлээр "Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө” хэмээн бичиж байв.