Цахим сүлжээнд сөрөг сэтгэгдэл ихээр бичдэг хүмүүс сэтгэл зүйн асуудалтай байхын дээр үүнийгээ өөрөө мэдээгүйгээс болоод бусдад сөрөг хандлага түгээдэг талаар сэтгэл зүйч Т.Хонгорзул хэллээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдэл тухайн хүний сэтгэлзүйн байдлыг шууд илтгэж байдаг. Тухайн хүн сэтгэлзүйн хувьд таагүй байгаа учраас сөрөг сэтгэгдэл бичиж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрийнх нь сэтгэлзүй таагүй сөрөг байгаа үед хүн хоёр зан үйлийг хийдэг. Нэгдүгээрт өөрийгөө өвтгөх зан үйл. Энэ нь өөрийгөө гэмтээх үйлдлийг хэлж байгаа юм. Эсвэл бусдыг өвтгөнаө. Ингэхдээ зодож цохих биш, үгээр өвтгөнө гэсэн үг.
Тухайн хүн өөрөө ямар нэгэн айдастай, түгшүүртэй, сэтгэл гутралтай байгаа тохиолдолд тэр таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж байгаа хэрэг. Ихэнх тохиолдолд хүмүүс гуниг, гутралд автсан үедээ сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй. Тэгэхээр хүний эрүүл дүгнэлт хийх чадвар алдагддаг. Хүн болгон өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд стрессээ тайлж байх нь чухал.
Мэдрэмжээ бусадтай хуваалцах, зөвөөр илэрхийлэн гаргах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт нийтлэг аргуудыг ашиглаж болно. Стрессээ тайлахгүй бол энэ нь даажирсаар сэтгэл түгшүүр, сэтгэл гутралын түвшинд хүрч улмаар сэтгэцийн эмгэг болж эхэлдэг. Сошиал орчинд хүмүүс их цаг гаргаж, донтож буйн шалтгаан нь төрж буй сөрөг мэдрэмжээсээ зугтаах байдаг. Тэгэхээр төрж байгаа таагүй мэдрэмжийнхээ шалтгааныг олох чухал.
Сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын үед тухайн хүн яг юунаас болоод түгшээд, гутраад байгаа гэдгээ өөрөө ухамсрын түвшинд мэддэггүй. Ухамсаргүйн түвшинд үүсээд байгаа энэ мэдрэмж хаанаас үүсэж байгаа вэ гэдгийг сэтгэл заслын эмчилгээнд явж мэдэх боломжтой байдаг. Сэтгэл заслын эмчилгээнд сөрөг сэтгэл хөдлөл тухайн хүний амьдралд удаан хугацаанд давамгайлсан үед орвол оновчтой. Жаахан асуудал гарахаар, ууралж, маргалдан хүмүүстэй харилцааны асуудал байнга үүсгээд байгаа бол гэсэн үг. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа зайлшгүй сэтгэл заслын эмчилгээнд явах хэрэгтэй болж байгааг илтгэж байдаг” гэв.