Нэгэн цагт Мексикийн “гоо сайхны мисс” байсан бүсгүй болон түүний хамтрагч 1.7 сая долларын үнэ бүхий 45 шил дарс хулгайлсан хэргээр Испанид дөрвөн жил хоригдох ял сонсжээ. Энэ явдал 2021 онд Испанийн Касерес хотын нэгэн тансаг зочид буудалд болсон бөгөөд хосууд тус буудалд зочлон байрлаж байсан аж.
Тэд дараа нь зугтсан ч есөн сарын дараа хил давах гэж байхдаа баривчлагдаж, Испани руу буцаагджээ. Харин хулгайлагдсан дарсны нэг нь ч олдоогүй байна. Шүүхээс хосуудыг зөвхөн Татаниа, Эстанислао гэж нэрлэсэн ч Испанийн хэвлэлүүд тэднийг Присцила Гевара, Константин Думитру гэж тодорхойлсон байна. Шүүхийн мэдээлснээр Татаниа 2021 оны 10-р сард Атрио зочид буудалд хуурамч Швейцарийн паспорт ашиглан нэвтэрсэн байна. Дараа нь Эстанислао түүнтэй нэгдэж, тэд хамтдаа тус буудлын олон одтой ресторанд 14 төрлийн хоол идэж, дараа нь дарсны зоорьтой танилцах үйл ажиллагаанд оролцжээ. Маргааш өглөө нь хосууд зохион байгуулалттайгаар зочид буудлын анхаарлыг саниулж, дарсны зоорийн түлхүүрийг хулгайлж гэмт хэргээ үйлдсэн байна. Тэдний хулгайлсан дарсны нэг шил нь 19-р зууны өвөрмөц чимэглэлтэй байсан бөгөөд 350,000 еврогийн үнэтэй байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Энэ хулгайн гэмт хэргээс болж олон улсын цагдаа нар хамтарсан ажиллагаа зохион байгуулж, 7-р сард Хорват руу нэвтрэх гэж байхад нь бариснаар дуусчээ. El País сонинд мэдээлснээр, хосууд хулгайд бэлтгэхийн тулд дор хаяж гурван удаа тус ресторанд зочилсон юм байна. Хосууд мөн 750,000 гаруй еврогийн нөхөн төлбөрийг даатгагчид төлөхөөр болсон.Тэдний шийтгэл хараахан эцэслэн гараагүй байгаа бөгөөд хосууд давж заалдах боломжтой юм байна.
Эх сурвалж: BBC