Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид гурван хүүхдийн ээж, жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн хажуугаар, бүсгүй хүний амьдралын талаар ярьж, эмэгтэйчүүд зөвхөн хүүхдийн ээж, хүний хань байх гэж төрөөгүй тухай хэлсэн юм.
Тэрбээр, “Эмэгтэй хүн гэдэг маш гайхамшигтай. Гэхдээ би нөхөртөө хэлдэг юм. Дараа төрөлдөө эмэгтэй хүн болж төрөх юм бол би үнэхээр тэвчихгүй ээ гэж. Би үнэхээр тэвчихгүй. Би бүр амьдрах ч үгүй.
Эмэгтэйчүүд маш сайн зовлон даадаг. Жаргаад байх тусмаа нялхраад л, илүү шаардлага өндөрсөөд л… Зовоод байх тусмаа чардайж, бүхнээ амжуулаад л, хүчирхэгжээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Би юмыг дандаа хоёр талаас нь хардаг. Хэт муу юм гэж байхгүй. Хэт сайн юм ч гэж байхгүй. Эмэгтэй хүн бүх юмны туйл сайн хүн гэж би хэлэхгүй.
Нэг бодлын бид хүүхэд гаргаад, насан туршдаа өөрийгөө үнэнчээр хайрлуулах хүнтэй болж байна гэдэг их аз. Түүнийхээ төлөөсөнд харин хэдэн жил хүүхдээ хөхүүлж, тээж төрүүлж, өөрийнхөө карерийг үгүй хийх золиос шаарддаг. Гэхдээ эмэгтэй хүн юмыг ямар өнцгөөр харж байгаа юм. Тэр нь их чухал юм шиг санагддаг. Манай Цэрэнболд ахын уншсан “Өршөө” гээд монолог байдаг. Түүн дээр, “Дээлийг минь бүтэн ороохдоо, дэлхийг тэвэрсэн юм шиг сэтгэх гэргий минь” гэсэн хэсэг байдаг. Бодоод үз дээ. Нөхрийнхээ дээлийг бүсэлж өгч байхдаа л баярлаж, жаргаж чаддаг байх нь шүү дээ. Тэгсэн хирнээ маш хэцүү зүйлийг хүчтэйгээр давж туулаад л гарна. Нөхрийнхээ хэлсэн ганц нэгхэн, “Би өнөөдөр чадахгүй” гэх үгийг дэлхий нурсан юм шиг хүлээн авч, гуниглаж уйлаад л… Тэгэхээр сэтгэл зүйн хувьд нэг тийм таагдашгүй хүчин зүйл бидэнд байна. Би өөрийгөө ч “би нэг ийм эмэгтэй хүн” гэж хэлж чадахгүй л байна.
Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд амармаар байвал амраад, дургүй зүйлээ хийхээ болиод, хүүхдүүдээ тэврээд жаргах хэрэгтэй. Яах вэ, заавал тэрийг амжуулах ёстой гээд л эмэгтэй хүн чардайдаг. Гэхдээ завгүй байх тусмаа, шаардлага өндөрсөх тусмаа жаахан ааштай болоод байгаа юм шиг санагддаг юм. Тааваараа хүүхдүүдтэйгээ эрхлэлдээд, заваан гэртээ хэвтэж байхдаа магадгүй маш жаргалтай байдаг шүү дээ. Тийм мэдрэмжийг өөрсдөөсөө битгий харамлаж байгаасай. Галзуу алхамууд хийж байгаасай. Гэнэт “өнөөдөр ерөөсөө Богд уул руу алхъя” гэдэг ч юм уу. Тийм зүйл хийж өөрийгөө хүүхэд гэж мэдрээрэй. Заавал ээж байх гээд, хань байх гээд тэгтлээ хичээх хэрэггүй. Чи ч гэсэн амьтны нялх үр шүү. Бид бол дахин давтагдашгүй, байгалийн, бурхны, аав ээжийн төгс бүтээл. Яадаг ч байсан та нарыг хайрлах хүн хорвоогоор дүүрэн байгаа. Сэтгэлээрээ баяр баясалтай байхын тулд өөрийгөө эрхлүүлж амьдраарай. Та бүхэнд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг цор ганц өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Нэг ч эмэгтэй хүний эрх битгий зөрчигдөөсэй” гэлээ.