“Алтан тариа” компани гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмнэ хэмээн энэ долоо хоногт мэдэгдсэн. Үүний хариуд ШӨХТГ-аас мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "ШӨХТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “Алтан тариа” ХХК-д "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, "Зөрчлийн тухай хууль"-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрээ "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх… ” гэж заасны дагуу мэдээлсэн болно. “Алтан тариа” ХХК нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тус компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоо байхгүй байна.
“Алтан тариа” ХХК-ийн тус үйлдэл нь хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээр байгаа тул уг үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье.
Бараа бүтээгдэхүүнийг сонгох нь гагцхүү хэрэглэгчийн эрх бөгөөд зах зээлд бүтээгдэхүүн санал болгож байгаа аж ахуй эрхлэгчийн нэг талын хүсэл зоригоос хамаарахгүй тул зах зээлд шударгаар өрсөлдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ёс зүйтэй бизнес эрхлэхийг аж ахуй эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалж байна" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: ШӨХТГ