Булган аймгийн Засаг даргын санаачилгаар “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Булган аймгийн 500 малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ.
Үндэсний баялаг бүтээгч малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл 16 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирж цуглаад байна.
Уг чуулга уулзалтын гол зорилго нь малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд малчин эмэгтэйчүүдийнхээ санал хүсэлтийг сонсох, салбарын байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаа бий болгоход оршиж байна.
Аймгийн нийт өрхийн 59.5 хувь нь малчин өрх бөгөөд нийт 14176 малчин иргэд байна. Эдгээр иргэдийн 38.5 хувь нь буюу 5466 нь малчин эмэгтэйчүүд байдгаас 15-34 насны 1202 залуу малчин эмэгтэйчүүд эзлэж байна.
Манай аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болж, нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүдийн үүрэг, оролцоо, хөдөлмөр зүтгэлийг үнэлэх тэднийг олон нийтэд сурталчлан таниулах, шагнаж урамшуулах нь төрийн нэг үүрэг юм.
Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй.
Монголын уламжлал, соёл ахуйг тээж ирсэн, тээж яваа мал сүрэг, малчин олон амар амгалан байх болтугай гэж Булган аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.