Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаан хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр улс орон даяар хэрэгжүүлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд бүх хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэж, шүд цоорохоос хамгаалах ломбо тавихаар болсон талаар мэдэгдэв.
С.Чинзориг “Засгийн газар 2022 оны тавдугаар сараас эхлэн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар иргэдийн 26 хувь нь эрт илрүүлгэд хамрагдаад байгаа. Эдгэр иргэдийн 64.8 хувь нь хүүхэд.
Өнөөдрийн байдлаар иргэдийн 26 хувь буюу 800 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.8 хувь нь 0-16 насны хүүхэд. Нийт иргэдийн 61.5 хувь шүд цоорох өвчинтэй байна.
Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт.
60-аас дээш насныхан болон судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн 96 хуь нь шүд цоорох эмгэгтэй байна. Нэгэнт эрт илрүүлгийн дүн ийм гарлаа гээд зүгээр орхиж болохгүй. Нийт иргэдийн 50 хувьд нь шүдний эмнэлгийн тусламж авч чадахгүй байна.
330 сумын 30-хан нь шүдний кабинеттай. Хүүхдийн шүд цоорлын гол шалтгаан нь чихэрлэг хоол хүнстэй холбоотой. Тиймэс “Шүд” хөтөлбөрийн хүрээнд 0-17 насны хүүхдийг шүд цоорхоос хамгаалах фторт түрхлэг 100 хувь үнэгүй хийнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна” гэлээ.