“Pro” театрын шинэ уран бүтээл “Инээмтгий хүн” визуал энэ сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болоод буй. 17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд хүний дотоод сэтгэлийг илүү харуулснаараа гайхалтай бүтээл болжээ. Бусдын бусармаг үйлдлийн золиос болж нүүрээ зэрэмдэглүүлж гэмгүй атлаа бусдад шоовдорлогдож, өөрийг нь элэглэж дооглох тэдэнд гомдовч инээхээс өөрөөр эсэргүүцэж чадахгүй дотроо шаналах хөөрхий түүний хувь заяа дэндүү эмгэнэлтэйгээр төгсдөг.
Бид эл зохиолоос найруулагч Б.Даваасүрэн ямар өнцөг гаргаж үзэгчдийн хүртээл болгож буй талаар тодрууласан юм.
Тэрбээр, “Баячуудын диваажин ядуусын тамаар бий болдог юм байна. Ядуус та нар “За” гэдэг ганцхан үгтэй л найзалж явах ёстой” гээд номон дээр бичсэн зүйл өнөөдөр бий болчхоод байгаа юм. Энэ байдлыг уран бүтээлч бид дуу хоолойгоороо нийгэмд хүргэх гэж байна.
“Инээмтгий хүн” жүжиг миний найруулагчаар ажилласан дөрөв дэх уран бүтээл. Манай Pro театр байгуулагдаад ганцхан жил болж байна. Ангийнхаа зургаан найзтайгаа нийлээд театраа байгуулсан байгаа.
Өнөөдөр Монголд бидний хүргэмээр байгаа дуу хоолой “Инээмтгий хүн” жүжгээр дамжигдаж байна гэж ойлгож болно. Хамгийн гайхалтай бага зэрэг, инээдтэй байсан юм нь юу гэхээр, бид яг жүжгийнхээ задаргааг хийгээд явж байхад талбай дээр залуусын жагсаал боллоо. Тэгээд Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс нь гарж ирж үг хэлж байна. Түүнийг шууд дамжуулалтаар үзэж байхад, задаргаа хийсэн зохиолын дээдчүүдийн хэлж байгаа үгстэй нь таарсан юм.
Их том нийгмийн асуудал дунд маш гоё хайрын түүх өгүүлэгдэж байгаа. Дурлалт хосын нэг нь зэрэмдэг болчихсон, нөгөөх нь сохор. Гол дүр маань хэлдэг. “Өнөөдөр миний нүүр, ам, чих гээд гаднах байдлыг маань зэрэмдэглэжээ. Гэтэл ард түмэн нийтээрээ зүрх сэтгэл, оюун ухаанаараа зэрэмдэг болчхоод байна” гэж үүнийг бид тольдоно. Арав гаруй жил Орост үзэж, харж, сурч, ойлгож тэндхийнхээ театруудад ажиллаж явсныхаа хувьд, монголдоо ирээд юм хийчих юм сан гэсэн байнгын мотивацитай амьдарч байсан. Тэгээд ирээд нэг, хоёр уран бүтээл хийгээд, жижиг жижгээр хийх биш, ямар ч байсан бүх хүч, бүх зүйлээ дайчлаад том зүйл рүү орох хэрэгтэй юм байна. Тэр том зүйл маань юу вэ гэж тал талаас санаагаа гаргаж байгаад, энэ жүжгээ сонгож аваад ажиллаж байна” гэлээ.