Зүүн Украины Бахмут хотыг хамгаалах ажиллагаа үргэлжилж, ахлах генералуудаа дайчилна гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Барууны шинжээчид өнгөрсөн амралтын өдөр Оросын цэргүүд тус хотод ойртож байгаа тул Украин цэргийнхээ зарим хэсгийг татаж магадгүй гэж таамаглаж байсан. Хоёр тал Бахмутын байлдаанаас болж сүйрлийн хэмжээнд хохирол амсаад буй. Орон нутгийн албаны хүний хэлснээр сүүлийн өдрүүдэд гудамжинд хүртэл зодоон, хүчирхийлэл өрнөх болсон байна.
Хотын орлогч дарга Александр Марченко ОХУ-ын арми тус хотыг хяналтдаа аваагүй байгаа гэж мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин өөрийн дайчид болон Оросын хүчний хооронд илт маргаан үүссэний улмаас сум дутагдалтай байгаа талаар хэлсэн байна. Тэрээр мөн түүний төлөөлөгчийг Оросын цэргийн төв байранд оруулахыг хориглосон талаар гомдоллоод буй.
Шинжээчдийн үзэж байгаагаар Бахмут стратегийн ач холбогдол багатай ч Кремльд ямар нэгэн эерэг мэдээ хүргэх гэж тэмцсэн Оросын командлагчдын анхаарлын төвд байсаар ирсэн юм. Тус хотыг эзлэн авснаар ОХУ өнгөрсөн есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулсны дараа өөртөө нэгтгэсэн Украины зүүн болон өмнөд хэсгийн дөрвөн бүс нутгийн нэг болох Донецк мужийг бүхэлд нь хяналтдаа байлгах зорилгодоо нэг алхмаар ойртох билээ.
SOURCE: BBC, AP NEWS