Хүн заавал мөнгөтэй байж шинэ бизнес эхлүүлдэггүй. Өмнөө тавьсан зорилго, өөртөө итгэх итгэлтэй, түүндээ тууштай тэмүүлж чадвал хэн ч, ямар ч амжилтад хүрч болохыг "Kitchen World" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ганчимэг харуулж байна. Түүний хувьд өөрийн бизнесээ эхлүүлэхдээ гэр түрээслэн амьдардаг байсан ч тууштай хөдөлмөрлөсний хүчинд өөрийн компаниа тэлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хувийн амьдралд нь анхаардаг хүчирхэг удирдагч болжээ. Түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.
"Нөхөр бид хоёр орон нутгаас хотод оюутан болж ирсэн. Сургуулиа төгсөх жил танилцаад, хотод амьдрахаар шийдсэн. Нөхөр маань тогтсон ажилгүй, грушик Хаан банкнаас ажлын гараагаа эхэлж байсан. Бид хоёр оюутны байр, түрээсийн байраар амьдарч байгаад, жирэмсэн болж, төрөх дөхөөд ирэхэд нэг хүний цалигаар нийтийн байранд байх зардал нь хүрэлцэхгүй болж, түрээсийн гэрт анхны гал голомтоо бадрааж байлаа. Тухайн үед орон сууцны нэг сарын төлбөрөөрөө нэг гэр бүтэн жилээр нь түрээслээд, тусдаа гарч байсан. "Нэг сар амьдрах мөнгөөрөө нэг жил амьдрах нь зүгээр юм байна, хичээгээд үзье" гээд л эхэлж байсан.
Би мэргэжлээрээ ажиллаж байгаад хувиараа бизнес эрхлэх шийдвэр гаргаад, ганзагын наймаанд явж эхлэх гэж байгаа гэхэд хүн бүр дургүйцэж байсан. Намайг бага байхад аав, ээж маань салж, би аавтайгаа хамт өссөн. Аав маань миний мөрөөдөл, мэргэжилд бүх амьдралаа зориулсан. Хамгийн сайн найздаа "Найз нь бизнес хийхээр болсон. Мэргэжлээрээ ажиллахаас илүү энэ нь амьдралд шаардлагатай байна" гэхэд "Чи ингэх гэж их сургууль төгсөж, аавынхаа хөдөлмөрийг барсан юм уу. Чи наймаачин хийх гэлээ" гэхэд нь би тухайн үед их гомдож байсан. Гэсэн ч энэ нь надад, миний амьдралд хэрэгтэй учраас бүгдээс нь зөрөөд, хийж эхэлсэн. Хийж эхэлсний дараа бэрхшээлүүд байсан ч "Би яах гэж энэ хүмүүсээс зөрж эхлүүллээ. Би заавал зорилгодоо хүрэх ёстой. Би үүнийг хийсэн шиг хийж, тодорхой амжилтад хүрэх ёстой гэсэн зорилго өөртөө тавьж байсан. Үүнийг хамгийн их дэмжиж байсан хүн нөхөр маань. Бид хоёр бүх зүйлээ хойш тавиад, үүндээ бүх ажил, сэтгэлээ зориулж байсан.
Би өөрөө гал тогооны хэрэгсэлд маш их дуртай. Гал тогоо гэдэг тэр айлын эзэгтэйн нүүр царай гэж боддог. Тэр утгаараа үнэ боломжийн, чанартай. Чанартай зүйлс үнэтэй байх ёстой эсвэл хямд зүйлээр арай гоё өнгөлөг байлгах гээд л. Хүн бүр боломждоо тааруулж, бүтээгдэхүүн сонгодог. Монголд залуу гэр бүл, тусдаа гарч байгаа хүмүүс гал тогооны хэрэгслээ сонгох гэхээр нэг дор цогц байдаггүй. цогцоос гадна үйлчилгээ байхгүй. Зарим нэг дэлгүүрт ороход, худалдааны зөвлөх нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Бүтээгдэхүүн сонгох гэхэд тайлбар байдаггүй. Манай дэлгүүрийн гол онцлог нь үйлчилгээ. Үйлчилгээгээрээ л хэрэглэгчээ татаж байгаа гэж үздэг. Үйлчлүүлэгч орж ирэхэд, ялгаа нь юу вэ, сонгох шалтгааныг нь хэлдэг. Хүмүүс гоё ширээ засаж, баяр ёслолыг маш гоё тэмдэглэдэг болсон. Түүнийг яаж зохицуулах, холбоотой бүх зүйлс цогц байгаасай. Нэг газраас боломжийн үнээр чанартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн хэрэглээсэй гэж боддог.
Энэ брэндийн, гоё загварын бүтээгдэхүүн хэрэглэх нь хүнд ямар ач холбогдолтой вэ?
Нэгдүгээрт гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө сонгох. Хоёрдугаарт хямд бүтээгдэхүүн нь хоёр дахин илүү зардал гаргадаг. тухайн үедээ хямдхан, хэмнэлттэй бүтээгдэхүүн авлаа гэж бодсон ч тэр нь ойрхон хагарах, хэрэглээнд тохирохгүй байх нь элбэг тохиолддог. Чанартай бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн талаасаа ч, урт хугацаанд хэрэглээ сайтай байснаараа эдэлгээ сайтай байдаг. Хүн бүр мөнгөтэй хүн л бизнес хийдэг гэж боддог. Би ч гэсэн тийм бодолтой байсан. Аливаа зүйлийг эхлүүлэхэд нэг шалтаг гаргаад, эхэлж чадахгүй байдаг. Мөнгөтэй хүн л бизнес хийх албагүй. Зорилго, мөрөөдөл, хийхийг хүссэн ажил байвал түүнийгээ шууд эхлүүлэх хэрэгтэй. Аливаа ажлын эхлэл нь 50 хувь. Эхэлсэн байхад гаргалгаанууд байдаг гэж үздэг. Би бизнесээ эхлүүлсэн хөрөнгө тийм их мөнгө байгаагүй. Залуу гэр бүлүүдийн л адил мөнгөний асуудал байсан. Аав ээжээс ч дэмжсэн зүйл байхгүй. Учиргүй дэмжээд, бизнесээ эхлүүл гээд дэмжээд өгөх хөрөнгөтэй ах дүүс, эцэг эх маань боломжтой байгаагүй. Хийж үзье гэсэн хүсэл мөрөөдлөөрөө л бизнесээ эхлүүлсэн.
Бид хоёрын анхны гэр бүлийн бизнес. Хамтдаа л шийдсэн. Нөхөр маань бүх үед маш их дэмждэг. Намайг жаахан л шантрахад "Чи чадна аа. Чи чадахгүй бол өөр хэн чадах юм бэ" гээд маш их дэмждэг. Үргэлж намайг дэмждэг миний хамгийн сайн найз минь. Би жаахан түргэн шийдвэр гаргах гээд байдаг. Нөхөр маань түүнийг орлоод, зарим зүйлд няхуур байж, намайг түргэдээд, алдчих гээд байгаа зүйлийг маань зөвлөж: "Чи энд ингэдэг шүү, үүнийг дахиад нэг бодоорой" гээд л хамгийн сайн дэмжигч байдаг. Би өөрөө жаахан сониуч зантай. Аливаа зүйлийг ингэвэл яах вэ, тэгвэл яах бол зэргээр бүх талаас нь бодох дуртай. аливаа ажлын бэрхшээлийг нь бодоод байвал хэн ч эхэлж чадахгүй. Би эрсдэлийг тооцохоосоо илүү боломжуудыг нь олж харах гэж хичээдэг. Хэрвээ би үүнийг хийвэл ямар боломж байгаа билээ гээд боломжоо харсан цагт ямар нэгэн бэрхшээл асуудал биш санагддаг. Аливаа зүйлд сэтгэлээсээ хандсан зүйлийг заавал бурхан ивээдэг. Амьдралд зөв явбал бүх зүйл урсгалаараа болдог. Амьдрал хүнийг шагнадаг гэдэгт итгэдэг.
Видеог дээрээс үзнэ үү.