Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис тус улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том галт тэрэгний ослын асуудлаар ард иргэдээс уучлалт гуйж, "Бид хүний буруутай үйлдлийг нуун дарагдуулж, тоохгүй өнгөрөөж болохгүй" гэж мэдэгджээ.
Мягмар гарагийн орой Лариса хотын ойролцоо 350 гаруй хүн тээвэрлэж явсан суудлын галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, 57 хүн амиа алдаж, олон хүн шархдсан харамсалтай хэрэг болсон. Энэ ослын дараа жагсагчид гудамжинд гарч, тус улсын төмөр замын аюулгүй байдлын асуудлаар дургүйцлээ илэрхийлж эхэлсэн юм. Ням гарагт дахин эмх замбараагүй байдал үүсч, эсэргүүцэгчид Афин хотод цагдаа нартай мөргөлдөж, улс даяар энэ эсэргүүцэл өрнөх төлөвтэй болсон байна.
Тухайлбал, "Энэ гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй, бид бүх нас барагсдын дуу хоолой байх болно" гэх лоозон ням гарагт Афин хотод болсон эсэргүүцлийн жагсаалын хамгийн онцлох үгсийн нэг байсныг хэвлэлүүд тодотгож байна.
Грекийн ерөнхий сайд Мицотакис мэдэгдэлдээ,энэ хэргээс урьчдилан сэргийлэх боломжтой байсныг дурдсан юм. Тэрээр “Ерөнхий сайдын хувьд би бүх хүнд өртэй, гэхдээ хамгийн түрүүнд хохирогчдын төрөл төрөгсдөд маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хувь хүнийхээ хувьд ч, улс орныг олон жил удирдсан бүх хүмүүсийн нэрийн өмнөөс" гэжээ.
SOURCE: CNN